“Apple” компани хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан программ бүтээв
Анд нөхдийн мэдээ
2023-05-18
“Apple” компани хэл яриа, хараа, сонсгол, танин мэдэхүйн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан гар утасны программ гаргахаа мэдэгдлээ. Энэхүү программыг оны хоёрдугаар хагаст гаргах iOS 17 үйлдлийн системд суулгахаар төлөвлөж байсан ч ирэх сард зохион байгуулагдах цахим программ хөгжүүлэгчдийн энэ жилийн бага хурал(WWDC)-ын өмнө зарим шинэ технологуудаа танилцуулсан байна. Тус программ нь iPhone утсанд хэрэглэгчийн дуу хоолойтой яг адилхан дуу хоолой гаргадаг "Personal Voice" функц юм. Хэрэглэгч iPhone эсвэл iPad дээр 15 минутын аудио бичлэг хийхэд төхөөрөмж нь хэрэглэгчийн дуу хоолойтой ижил дуу хоолойг үүсгэдэг бөгөөд ингэснээр хэл ярианы бэрхшээлтэй хэрэглэгч хэн нэгэнтэй утсаар ярих боломжтой юм. Мөн iPhone утсандаа байнга хэрэглэгддэг үгсийг оруулахад тухайн төхөөрөмж хэрэглэгчийн өмнөөс ярьдаг “Live Speech” функц мөн хамрагдах аж. Эдгээр шинэ программууд нь ярианы бэрхшээлтэй, дохионы хэл ашигладаг хүмүүст тусална гэж “Apple” тайлбарлав. Үүнээс гадна харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан 'Point and Speak' функц нь iPhone-ий камерыг ашиглан харагдахгүй байгаа текстийг таньж, унших ажээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк "Манай компани шилдэг технологи бүхэн хүн бүрт зориулагдсан байх ёстой гэж үздэг" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.