images

“Apple” компани Энэтхэгт анхны дэлгүүрээ нээв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-04-19


     “Apple” компани өчигдөр анх удаа Энэтхэг улсад албан ёсны дэлгүүрээ нээв. Мөн тус компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк ерөнхий сайд Нарендра Модитой уулзахаар төлөвлөөд байна. Энэ нь Apple” компанийн Энэтхэгийн ухаалаг гар утасны зах зээлд байр сууриа нэмэх ажлын эхлэл бөгөөд одоогоор эдний бүтээгдэхүүн тус улсын гар утасны зах зээлийн тав хүрэхгүй хувийг эзэлж байна. Тус компанийн Ази дахь хамгийн том зах зээл нь Хятад бөгөөд тус улсын уг зах зээлийн 18 хувийг эзэлдэг. Өнгөрсөн онд Хятад, Хонконг, Тайваньд тус компани 74 тэрбум долларын борлуулалт хийжээ. Харин Энэтхэг болон Азийн бусад оронд 29 тэрбум долларын бүтээгдэхүүн борлуулсан байна. Энэтхэгийн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өнгөрсөн онд "Apple" компани дөрвөн тэрбум долларын борлуулалт хийсэн гэсэн бол “Bloomberg” телевизээс энэ оны гуравдугаар сарын байдлаар ойролцоогоор зургаан тэрбум долларын борлуулалт хийсэн гэж мэдээлжээ. Энэтхэгийн гар утасны зах зээлийн 95 хувийг “Andriod” үйлдлийн системтэй, Өмнөд Солонгос, Хятадын гар утас эзэлж байгаагийн гол шалтгаан нь үнэ юм. Тус улсад борлуулж буй гар утасны дундаж үнэ 224 доллар. Харин “Apple” компанийн гар утасны үнэ 429 доллараас эхэлдэг. Иймээс энэ асуудлыг шийдэхийн тулд гар утасны төлбөрийг хувааж хийх, хуучин “Iphone”-ийг авч хөнгөлөлттэй үнээр худалдах стратегийг "Apple" компани баримтлахаар болжээ. Тэдний стратегийн хоёр дахь хэсэг нь өөрийн бүтээгдэхүүнийг тус улсад үйлдвэрлэх явдал бөгөөд энэ нь тус улс дахь үйлдвэрийн түншүүд, засгийн газрын оролцоо шаардлагатай том төсөл билээ. Өнгөрсөн нэгдүгээр сард Энэтхэгийн худалдааны сайд CNBC телевизэд ярилцлага өгөхдөө сүүлийн үеийн “iPhone 14” гар утсыг дотооддоо үйлдвэрлэж байгаа тухай ярьжээ. Мөн Хятад дахь "Apple" компанийн түнш, “iPhone” гар утасны угсралтын дийлэнх хэсгийг хариуцдаг “Foxconn” үйлдвэр Энэтхэгийн Бангалор хотод 700 сая долларын хөрөнгө оруулалтаар гар утасны үйлдвэр байгуулж байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.