Киотогийн их сургууль охидод зориулж комик ном хэвлүүлжээ
Анд нөхдийн мэдээ
2023-04-18
Японд хамгийн олон Нобелийн шагналтан төрүүлсэн Киотогийн их сургуулийн Шинжлэх ухааны сургууль дунд болон ахлах ангийн охидод зориулсан комик ном хэвлүүлсэн байна. Комик зураач хатагтай Мүрако Кинүта тус сургуулийн захиалгаар “Киотогийн их сургуульд сурцгаая” нэртэй энэхүү сурталчилгааны комикийг бүтээжээ. Киотогийн их сургуулийн Шинжлэх ухааны сургуулиас физикийн чиглэлээр Хидэки Юкава, Шиничиро Томонага, Исамү Акасаки, физиологийн чиглэлээр Сүсүмү Тонэгава, математикийн салбарт Хэйсүкэ Хиронака, Шигэфүми Мори нарын Нобелийн шагналтнууд төрөн гарсан ажээ. Шилдэг төгсөгчдөөрөө нэрд гарсан тус сургууль сурталчилгааны товхимол гаргасан шалтгаанаа эмэгтэй оюутнуудын тоог нэмэгдүүлэх зорилготой хэмээн тайлбарлажээ. Шинжлэх ухааны сургуулийн энэ жилийн элсэгчдийн ердөө 8 хувь нь эмэгтэйчүүд байсан нь бүх факультетийн дунд хамгийн бага үзүүлэлт ажээ. Хэдийгээр Японы ахлах сургуулийн сурагчдын шинжлэх ухаантай холбоотой сурлагын амжилт дэлхийд дээгүүрт ордог ч “Эмэгтэйчүүд шинжлэх ухаанд тохиромжгүй” гэсэн өрөөсгөл үзлээс болж шинжлэх ухааны сургуульд элсэгчдийн хувь бага байгаа тухай “Asahi Shimbun” сонин мэдээлжээ. Тус номыг 3000 хувь хэвлэж ахлах ангийн сурагчдад үнэгүй тарааж байгаа бөгөөд цахим хувилбарыг нь мөн цахим хуудсанд нийтэлсэн байна. Тус сургуулийн захирал Танака “Шинжлэх ухааны салбарт суралцвал ирээдүй бүрхэг гэсэн хэвшмэл ойлголтоос салж, шинжлэх ухааны сэтгэл татам байдлыг залууст ойлгуулмаар байна" хэмээн ярьжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.