Зопа ринбүчийн шарилыг занданшуулах ажил эхлэв
Анд нөхдийн мэдээ
2023-04-18
Бурханы шашны гэлүгвэ ёсны их багш Зопа ринбүчи өнгөрөгч 13-ны пүрэв гарагт Балбын нийслэл Катманду хотын эмнэлэгт таалал төгссөнөөс хойш үхлийн үеийн бясалгалд оршиж буй талаар дэлхийн хэвлэлүүд, шашны зүтгэлтнүүд, ринбүчийн дагалдагчид мэдээлж байсан билээ. Тэгвэл ринбүчи Катмандугийн цагаар дөрөвдүгээр сарын 14-ний 22 цагт бясалгалаа дуусгасан бөгөөд энэ нь хамрын зүүн нүхнээс цус гарснаар илэрсэн хэмээн Их хөлгөний уламжлалыг хадгалах төвөөс (FPMT) өчигдөр албан ёсоор мэдээлжээ. Улмаар шавь нар нь багшийнхаа лагшинг хадгалахын тулд эргэн тойрон мөсөөр дүүргэхийн зэрэгцээ өрөөг нь хүйтэн болгосон байна.
Орчин үеийн шинжлэх ухаанд хүн амьсгал хурааж, зүрх нь зогссоноор үхлээ гэж үздэг бол Бурханы номоор хэзээ тэр хүний сүнс сэтгэл биеэсээ гарна, тэр үед бүрэн үхэл ирнэ гэдэг. Иймээс хүн дөнгөж амьсгал хураангуут хөдөлгөлгүй хүлээж, биеэс сүнс гадагшилсан шинж тэмдэг илэрсэн цагт цогцсыг хөдөлгөдөг уламжлалтай байжээ. Үхлийн үеийн бясалгал гэдэг нь таалал төгссөн хүний амьсгал, зүрх нь зогссон ч сүнс буюу оюун санаа нь нөгөө ертөнцөд хараахан одоогүй, биедээ оршсоор байхыг хэлдэг бөгөөд Бурханы шашинтнууд энэ төлөв байдлыг “тугдам" гэж нэрлэдэг. Насан туршдаа буянд шамдаж, Бурханы сургаалыг бясалган эрдэм увдисыг олсон их бүтээлчин хуврагууд нэг хэд хоног төдийгүй сар, жилээр тугдамд оршиж, бие нь тодорхой хэмжээний илчтэй, элдэв муухай үнэр орохгүй удах тохиолдол олон гарч байжээ. Өнөөдрийн байдлаар Зопа ринбүчийн шарилыг занданшуулах үйл явц эхлээд байгаа юм. Ийн занданшуулах нь түүний олон шавь нар тасралтгүй ирж хүндэтгэл үзүүлэн эргэл мөргөл хийж болох чухал ач холбогдолтой хэмээн санал болгосныг XIV Далай лам сайшааж, хамгийн сайн арга хэмээн дэмжсэн талаар хэвлэлүүд мэдээлж байна. Занданшуулах үйл явц хэдэн сараар үргэлжлэх бөгөөд энэхүү ажлыг хариуцан гүйцэтгэх хүмүүс хэдийнэ томилогджээ.
Балбын Танмэд 1946 онд төрсөн Зопа хувилгаан 10 настайдаа Төвдөд очиж ном үзсэн бөгөөд 1959 онд хятадууд Төвдийг эзлэхэд Бутан, улмаар Энэтхэгт хүрч суужээ. Тэрбээр 1975 онд Их хөлгөний уламжлалыг хадгалах төвийг байгуулсан нь өнөөдөр АНУ-д төвтэй, дэлхийн 37 оронд 160 салбартай, Бурханы шашныг дэлхий дахинд түгээхэд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг олон улсын байгууллага болон өргөжсөн байна. Зопа ринбүчи 1999 онд Монголд айлчилж Их хөлгөний төвийнхөө салбарыг байгуулснаас эхлээд Гандантэгчинлин хийдийн Гунгаачойлин дацанг шинээр барих, дарь эх нарын Дулмаалин хийдийн барилгыг барих, дээдийн ном айлдах эрдэмтэй лам нарыг урин ирүүлэх, олон улсын хурал чуулган зохион байгуулах, өөрийн биеэр ном айлдах, төрөл бүрийн сургалт явуулах гэх зэргээр Бурханы шашныг Монгол улсад түгээн дэлгэрүүлэх үйлсэд олон жил идэвхийлэн зүтгэсэн юм. Түүний байгуулсан шашны төв буюу Гандан До Аг Шаддүвлинд XIV Далай лам 2006 онд Монголд айлчлахдаа морилж байв. Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 онд Зопа ринбүчид төрийн дээд “Алтан гадас” одон хүртээж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.