Япончууд 100 наслахыг хүсэхгүй байна
Анд нөхдийн мэдээ
2023-04-18
Японы Засгийн газар өнөө үеийг 100 нас хүрсэн хүн хамгийн олноор амьдарч байгаа эрин хэмээн зарлав. Иргэдээ 100 нас хүрнэ хэмээн тооцоолж амьдралаа төлөвлөх хэрэгтэйг Засгийн газар онцлон тэмдэглэсэн ч судалгаагаар Японы иргэдийн дийлэнх нь урт наслахыг хүсэхгүй байна гэсэн үр дүн гарчээ. Тухайлбал, Японы сангаас 2022 оны есдүгээр сард 20-70 насны 500 эрэгтэй, 500 эмэгтэйг хамруулан 100-гаас дээш наслах хүсэлтэй эсэх талаар онлайн судалгаа явуулахад судалгаанд оролцогчдын 80 хувь нь 100 болон түүнээс дээш наслахыг хүсэхгүй байна гэж хариулжээ. Энэ үр дүнг задлан шинжилбэл, судалгаанд оролцсон бүх насны иргэдийн 70-80 хувь нь 100 болон түүнээс дээш жил амьдармааргүй байна гэсэн байна. Харин хүйсээр нь авч үзвэл, эмэгтэйчүүдийн 83.5, эрэгтэйчүүдийн 72.4 урт наслахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн аж. Тэгвэл ийм хариулт өгсөн шалтгааныг асуухад 59 хувь нь гэр бүлээ болон бусдыг зовоохыг хүсэхгүй байна гэсэн бол 48.2 хувь нь биеийн байдал нь аажмаар дордоно, 36.7 хувь нь санхүүгийн байдалдаа санаа зовж байна гэжээ. Тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдээлснээр, 2022 оны есдүгээр сарын байдлаар Японд 100 ба түүнээс дээш настай 90526 хүн байгаа нь 2021 оны есдүгээр сараас 4000 орчим хүнээр нэмэгдсэн үзүүлэлт гэнэ. Уг судалгааг явуулсан сангийн төлөөлөгч "Зуугаас дээш наслах хүсэлтэй хүмүүсийн тоо бидний төсөөлж байснаас хамаагүй бага байгааг олж мэдээд бид их гайхлаа" хэмээн ярьсан байна. Мөн судалгаанд хамрагдагсдын 30 хувь нь ганцаараа амьдардаг, эмнэлэгт хэвтэх, хагалгаанд орох шаардлагатай үед үйлчлэгч эсвэл хэн нэгэн хажууд нь хамт байдаггүй учраас ахмад настнууд үхэлтэй тулгарахад яах ёстой вэ гэдэг нь улс орны чухал асуудал болоод байгааг онцолжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.