Уоррен Баффетт Японы таван том корпорацид дахин хөрөнгө оруулж эзэмшлийн хувиа нэмнэ
Анд нөхдийн мэдээ
2023-04-12
АНУ-ын тэрбумтан Уоррен Баффетт Японы таван том корпорацид эзэмшдэг хувиа 7.4 хувь болгон нэмэгдүүлж, хяналтаа сайжруулахын тулд дахин хөрөнгө оруулахаар болсноо зарлалаа. Тэрбээр энэ долоо хоногт Японы томоохон корпорациудын удирдлагатай уулзахаар Токиод очихдоо Японы “Nikkei” сонин, АНУ-ын CNBC мэдээллийн сайтад өгсөн ярилцлагадаа энэ тухай хэлсэн юм. Эдүгээ 92 настай У.Баффетт 2020 онд Японы “Itochu”, “Marubeni”, “Mitsubishi”, “Mitsui & Co”, “Sumitomo” корпорацид хөрөнгө оруулж байсан бөгөөд үүнийгээ бахархам үйл болсон хэмээн ярилцлагадаа дурдсан байна. Улмаар дахин шинэ хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдсэний дараа тус корпорациудын хувьцааны ханш огцом өсөв. Уг мэдэгдлийг хийхээс өмнө У.Баффеттийн "Berkshire Hathaway” корпораци “Marubeni”-ийн 6.8, “Mitsubishi”-ийн 6.6, “Mitsui”, “Sumitomo”, “Itochu”-гийн 6.2 хувийг эзэмшдэг байв. Тэрбээр 2020 онд эдгээр компанийн хувьцааг худалдаж авч байхдаа 9.9 хүртэлх хувийг нь эзэмших боломжтой хэмээж байсан юм. Мөн энэхүү хөрөнгө оруулалтын мэдэгдлээс гадна "Berkshire Hathaway" иенийн бонд гаргах гэж буйгаа зарлалаа. Үүнийг шинжээчид Япон улсад үүнээс ч илүү хөрөнгө оруулах магадлалтай байна хэмээн таамаглаж байна. “Berkshire” нь “Apple”, “Bank of America”, “Coca-Cola”, “American Express” зэрэг алдартай компаниудын томоохон хувьцааг эзэмшдэг юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.