Японы ханхүү, гүнж хоёр III Чарльзийн хаан ширээнд залрах ёслолд оролцоно
Анд нөхдийн мэдээ
2023-04-12
Японы ханхүү Акишино, түүний гэргий гүнж Кико нарыг ирэх тавдугаар сарын 6-нд болох Их Британийн хаан III Чарльзийн хаан ширээнд залрах ёслолд оролцохыг Японы Засгийн газар мягмар гарагт зөвшөөрлөө. Ингэснээр ханхүү, гүнж хоёр тавдугаар сарын 4-7-ны хооронд Их Британи руу дөрвөн өдрийн аялал хийхээр болов. Энэ нь тус улсад хийж буй тэдний албан ёсны анхны айлчлал болж байгаагаас гадна өөр улсын хааны хаан ширээнд залрах ёслолд оролцож буй анхны тохиолдол болох юм. Ханхүү, гүнж хоёр тавдугаар сарын 4-нд Засгийн газрын захиалгат нислэгээр Лондонд очиж, үдийн үед “Claridge” зочид буудалд буух ажээ. Ингээд тавдугаар сарын 5-нд Үэстминстерт хаан ширээний ёслол, дээдсийн хүлээн авалтад оролцоод 7-ны үдэд Токиод буцаж ирэх юм байна. Япон улс Их Британийн хааны гэр бүлээс илгээсэн ёслолын урилгыг гуравдугаар сард хүлээн авчээ. Урилгад улсын тэргүүн эрхэм дээдэс эсвэл тэдний төлөөлөгчийг ирэхийг хүссэн байжээ. Японы эзэн хаан Нарүхито ёс заншлын дагуу гадаад улсын хааны ийм ёслолд оролцдоггүй бөгөөд өөрийнхөө оронд дүүгээ явуулдаг байна. Ханхүү Акишино нь 1985 онд Их Британид очиж байсан бөгөөд 1988-1990 онд Оксфордын их сургуулийг төгссөн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.