images

Япон: Үйлчлүүлэгч бол бурхан биш

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-10


     Японы Токио хотын түргэн хоолны газарт ажилладаг ноён А үйлчлүүлэгчдийн хүлээлгийн дараалал урт болох тусам айдас төрдөг гэжээ. Учир нь үйлчлүүлэгчдээс өдөрт дунджаар  3-4 хүн “Удаан үйлчилж байна” гэх мэт жижиг гомдлоос эхлээд “Уучлал гуйж нөхөн төлбөр төлөх”-ийг шаардах хүртэл төрөл бүрийн зан авир гаргадаг байна. Үүнээс улбаалан үйлчлүүлэгчид нь үндэслэлгүй гомдол гаргаж, компани нь ажилчдаа дарамталдаг гэсэн утга бүхий "Касүхара" гэдэг шинэ үг хэллэг гарч иржээ. Касүхара нь япон хэлний "үйлчлүүлэгч" ба "дарамтлах" гэсэн хоёр үгийн нийлбэр бөгөөд “Үйлчлүүлэгчийн дарамтанд өртөх” гэсэн утга агуулдаг ажээ. Акита мужийн автобусны “Daichi Sightseeing Bus” компани өнгөрсөн сард орон нутгийн сонинд уриалга сурталчилгаа нийтлүүлсэн бөгөөд “Үйлчлүүлэгч бол бурхан биш” гэсэн хэсгийг илүү тодруулж хэлэх гэсэн санаагаа илэрхийлжээ. Тэрхүү нийтлэлд үйлчлүүлэгчид сүүлийн жилүүдэд өчүүхэн зүйлээс шалтгаалж үндэслэлгүй нэхэмжлэл гаргах, хэт өндөр шаардлага тавих зэргээр ажилтнуудтай зүй бусаар харьцах тохиолдол их байгааг дурдаад, тус автобусны компани хүүхдүүд сургуульдаа явах, өндөр настнууд эмнэлэгт очих, дэлгүүр хоршоо орох зэрэгт хөл болдог унаа гэдгээ учирлан тайлбарласан байна. Улмаар байгууллагын зүгээс бүх нөөц бололцоогоороо сайн ажиллахаа амлаад, хариуд нь үйлчлүүлэгчид автобусны жолооч, үйлчлэгчидтэй хүн ёсоор, зөв харьцаж байхыг хүссэн байна. Энэхүү зар улмаар олон нийтийн сүлжээнд тавигдсан даруйдаа маш олон хүнд хүрч хормын дотор 120 мянган хандалт авсан байна. Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдээлснээр "Касүхара" нь даамжирвал гэмт хэрэг болно гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.