Хоолны газарт гар утас хэрэглэхийг хоригложээ
Анд нөхдийн мэдээ
2023-04-04
Японы Токио хотын “Дебүчан” хэмээх рамен ресторан өнгөрсөн сараас эхлэн үйлчлүүлэгчдээ хоол идэж байхдаа гар утас хэрэглэхийг хориглосон журам гаргажээ. Тус зоогийн газар дараагийн үйлчлүүлэгчдийг удаан хүлээлгэхгүй байх, мөн зочдыг тав тухтай хоолоход саад болохгүй байх үүднээс ийм журам гаргасан тухайгаа мэдэгдсэн байна. Рестораны эзэн Гай Гоүта "Өдрийн цайны цаг буюу хамгийн ачаалалтай үеэр зарим үйлчлүүлэгч хоолоо идэхгүй хэдэн минутаар гар утсаа ширтэж суух тохиолдол байдаг. Энэ нь өөрт нь ч, бусдад ч төвөгтэй” гэжээ. Тус ресторан нь 33 хүний суудалтай, Токио хотдоо томд орох рамен рестораны нэг боловч оргил ачааллын үед 10-аас дээш хүн суудал гарахыг хүлээн дугаарлах тохиолдол олон байдаг гэнэ. Дебүчан нь Хаката раменаараа алдартай газар бөгөөд тус гоймон нь ердөө 1 мм-ийн өргөнтэй байдаг боловч болгоод гаргасны дараа маш амархан хөөж нялцайн амтгүй болдог ажээ. Олон нийтийн цахим сүлжээнд энэ талаар янз бүрийн шүүмжлэл гарсан ч рестораны эзэн "Ромд очвол Ромын хуулийг дага гэсэн үг байдаг. Манай ресторанд ирсэн бол бидний журмыг мөрдөнө үү” гэсэн хариу барьжээ. Хоолны үеэр гар утас хэрэглэхийг хориглодог газар ганц эднийх биш юм. Сингапур дахь “McDonald's” ресторан 2017 онд гар утас хэрэглэхийг хориглож, хамт ирсэн хүмүүстэйгээ яриа өрнүүлж амьд харилцаатай байхыг уриалж байв. Их Британид 250 салбартай “Frankie & Venice” ресторан 2018 оны 11 дүгээр сард мөн хоолны цагаар гар утас хэрэглэхийг хориглож үйлчлүүлэгчид утсаа тавих “Утасны бүс” суурилуулж байсан ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.