images

Ирланд улс уран бүтээлчдэд тэтгэлэг олгож эхэллээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-27


     Ирландын Килкенни хотод амьдардаг хүүхэлдэйн киноны зураач Фэй сүпер баатрын зураг зарж олсон багахан мөнгөөрөө бүх төрлийн хэрэглээний төлбөрөө төлж чадахгүй, эцэст нь урлагийн мөрөөдлөө орхиж, хүнсний дэлгүүрт ажилд оржээ. Тэгтэл тус улсын Засгийн газраас энэ асуудалд анхаарал хандуулж уран бүтээлчдэд ямар ч нөхцөлгүйгээр долоо хоног бүр 325 еврогийн амьжиргааны зардал олгодог хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн байна. АНУ-ын “New York Times” сонинд Ирландын засгийн газар уран бүтээлчдэд тодорхой орлогын баталгаа гаргаж, амьжиргааны талаар санаа зовохгүйгээр уран бүтээлдээ төвлөрөхөд нь туслах туршилтыг эхлүүлсэн тухай танилцуулжээ. Энэхүү хөтөлбөрт хөгжим, уран зохиол, кино, дүрслэх урлаг, театр, цирк зэрэг төрөл бүрийн чиглэлээр нийт 9000 гаруй уран бүтээлч мэдүүлгээ ирүүлснээс 2000 гаруй уран бүтээлч шалгарсан байна. Тэд ирэх гурван жилийн хугацаанд жилд 16 мянган евро хүртэлх болзолгүй төлбөр авах юм. Энэхүү хөтөлбөр олон уран бүтээлчдийн талархлыг хүлээж байна. Тухайлбал гэрэл зурагчин Марк МакГиннесс тус хөтөлбөрт хамрагдсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, мөнгө олохын тулд арилжааны гэрэл зураг авахад зарцуулдаг байсан цагаа багасгаж, үүний оронд долоо хоногт хоёр удаа үзэсгэлэн гаргахад зориулж бүтээл хийх боломжтой болсон гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.