Путинтэй хамт Олон улсын эрүүгийн шүүхэд дуудагдсан эмэгтэй хэн бэ?
Анд нөхдийн мэдээ
2023-03-20
Олон улсын эрүүгийн шүүхээс ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг баривчлах захирамж гаргахтай зэрэгцэн түүний нэгэн адил баривчлагдах ёстой хэмээн нэр дурдагдсан орос эмэгтэй олны анхаарлыг татаж байна. Мария Львова-Белова хэмээх энэ эмэгтэйг тус шүүх хууль бусаар ОХУ-д украин хүүхдүүдийг албадан гаргасан хэргээр буруутгаж байгаа тухай Английн “The Telegraph” агентлаг мэдээлэв. Багш мэргэжилтэй байгаад орон нутгийн улс төрийн салбарт хүч сорих болсон тэрбээр Оросын үнэн алдартны шашны санваартан нөхөртэй ажээ. Олон нийтийн сүлжээн дэх түүний гадаад төрх эх оронч, гүн сүсэг бишрэлтэй, хүүхдийн эрхийг хамгаалдаг төлөв төвшин хүний дүрээр харагдана. Гэвч тэрбээр 2021 онд ОХУ-ын Хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн комиссараар томилогдсоноосоо хойш ерөнхийлөгч Путины даалгасан “даалгавар”-ыг ичгүүр сонжуургүй гүйцэтгэж эхэлсэн тухай мөн тус агентлаг мэдээлжээ. Түүний гол үүрэг нь Украины хүүхдүүдийг хулгайлж, Орос руу хүчээр нүүлгэн шилжүүлж, хүүхэд хулгайлж буй үйлдлээ аврах ажиллагаа болгон харагдуулдаг байсан байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Оросын Батлан хамгаалах суваг телевизээр тэрбээр Орост ирсэн украин охины бүжиг, дууг алга ташиж таашааж суугаа дүрийг харуулснаас гадна өнгөрсөн сард Украины Мариуполь хотоос хүү үрчилж авсан тухайгаа Путинд харуулж буй бичлэг гарсан. Үүнээс гадна тэрбээр ерөнхийлөгч Путины илтгэл, цуглаан дээр байнга гарч ирдэг байсан бөгөөд хүүхдүүдийг Украинаас албадан нүүлгэх хэд хэдэн төлөвлөгөөг хэрэгжүүлсэн нь тогтоогдсон ажээ. Олон улсын эрүүгийн шүүхийн баривчлах тушаалын талаар тэрбээр "Олон улсын хамтын нийгэмлэг бидний хүүхэд хамгааллын хүчин чармайлтыг өндрөөр үнэлж байгаад баяртай байна" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.