images

Тайландын тэмцэгчид өлсгөлөнгөө зогсоолоо

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-13


     Хаант засаглалд шинэчлэл хийх, хааны гэр бүлийн нэр хүндэд халдсан хэргээр ял оноодог эрүүгийн хуулийн зүйл заалтыг халахыг шаардан өлсгөлөн зарлаад байсан Тайландын хоёр тэмцэгч эмэгтэй 52 хоногийн дараа өлсгөлөнгөө зогсоосон тухай АР агентлаг мэдээлэв. Өнгөрсөн нэгдүгээр сарын 18-нд өлсгөлөн зарлаж эхэлсэн Тантаван Туатулланон болон Ораван Пупонг нар өлсгөлөнгөө зогсоохдоо “Шүүхээс ямар нэгэн хариу ирээгүй тул өөрсдийн эрүүл мэндийг бодон өлсгөлөнгөө зогсоогоод, удахгүй тэмцлээ үргэлжлүүлнэ” гэж мэдэгджээ. Тэд хааны гэр бүлийн нэр хүндэд халдах тухай эрүүгийн хуулийн зүйл заалтыг халах, хаант засаглал болон шүүхийн тогтолцоог шинэчлэх, иргэдийн эрх чөлөөг хэрэгжүүлэх, ардчиллын төлөөх жагсаалын үеэр баривчлагдсан улс төрийн хоригдлуудыг суллахыг шаардаж өлсгөлөн зарласан ажээ. Улмаар улс төрийн 16 хоригдлыг бүгдийг суллах хүртэл өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ гэж мэдэгдэж байсан бөгөөд шүүхээс өнгөрсөн хугацаанд тэдгээр хоригдлын 13-ыг нь батлан ​​даалтад гаргах шийдвэр гаргасан ажээ. Тус улсад хааны гэр бүлийн гишүүнийг болон хааны гэр бүлийн ололт амжилтыг доромжилсон, эсвэл таагүй байдлаар дүрсэлсэн бол хааны гэр бүлийн нэр төрд халдсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн, 15 жил хүртэл хорих ялаар шийтгэдэг хуулийн заалттай ажээ. 2020 оноос эхлэн хаант засаглалыг шинэчлэх, хааны гэр бүлийн нэр төрийн тухай хуулийн зүйл заалтыг халахыг шаардсан засгийн газрын эсрэг жагсаал цуглаан өрнөх болсон юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.