images

Финланд улс Оростой залгаа хилийн бүсдээ торон хашаа татна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-01


     Финланд улс цэрэгт татагдахаас зугатан тус улс руу ихээр дүрвэх болсон орос иргэдийг оруулахгүйн тулд ОХУ-тай хиллэдэг 200 км урт хилийн бүсдээ өргөст торон хашаа барихаар болжээ. Тус улсын хилийн албаныхан “Бид ойг цэвэрлэж бэлэн болгосон бөгөөд торон хашаа барих ажил гуравдугаар сард эхэлнэ” гэж мэдэгдсэн тухай AFP болон ВВС агентлаг мэдээллээ. Тус улс Оростой 1340 км газраар хиллэдэг бөгөөд түүний 200 гаруй километр зурваст 3 метрээс дээш өндөртэй хашаа барьж, дээгүүр нь өргөст тор татахаар төлөвлөжээ. Зарим газарт шөнийн харааны камер, гэрэл, чанга яригч суурилуулах аж. Өнгөрсөн оны есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украины дайнд эрчүүдийг дайчлах тухай зарлиг гаргаснаар олон орос иргэд Финландын хилээр хууль бусаар орж ирэх болсон байна. Финландаас гадна ОХУ-тай хил залгаа орших Эстони, Латви, Польш улсууд хилийн хамгаалалтаа чангатгахаар төлөвлөж байна. ОХУ Украинд түрэмгийлсний улмаас аюулгүй байдлын асуудал улам бүр хурцаар тавигдах болж Финланд, Швед улсууд төвийг сахих статусаасаа татгалзан НАТО-д гишүүнээр элсэх хүсэлтээ өнгөрсөн оны тавдугаар сард гаргасан билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.