Хөлбөмбөгийн ачаар Аргентин улс 45 жилийн дараа Бангладешт ЭСЯ-аа нээлээ
Анд нөхдийн мэдээ
2023-02-28
Аргентин улсын хөлбөмбөгийн багийг өвөрмөц байдлаар идэвхтэй дэмжиж, олон улсын анхаарлыг татсан Бангладештэй Аргентин улс харилцаагаа сэргээж Элчин сайдын яамаа тус улсад 45 жилийн дараа дахин нээхээр болжээ. Аргентиний хэвлэлийн мэдээлснээр тус улсын Гадаад хэргийн сайд Сантьяго Кафиэро Бангладешийн нийслэл Дака хотод хүрэлцэн ирж Элчин сайдын яамны нээлтийн ёслол хийсэн байна. 1978 онд Аргентины цэргийн дарангуйллын үед Бангладеш дахь дипломат төлөөлөгчийн газар хаагдсанаас хойш 45 жил өнгөрчээ. Энэтхэг-Пакистаны дайнаар тусгаар тогтнолоо олж авсан Бангладеш улстай Аргентин 1972 онд дипломат харилцаа тогтоож дипломат төлөөлөгчдөө илгээсэн ч төсвийн асуудлаас болоод таван жилийн дараа буцаан татсан юм. Сайд Кафиэро "Энэ бол түүхэн үйл явдал. Бангладешийн ард түмэн Аргентин улсад томоохон хүндлэл үзүүлсэнд бид маш их баяртай байна" гэжээ. 2022 оны Дэлхийн аваргын хөлбөмбөгийн тэмцээнээр Бангладеш улс Аргентиний шигшээ багийг маш өвөрмөц байдлаар хөгжөөн дэмжиж байсан нь хоёр улсын харилцаа илүү ойртох гол хөдөлгүүр болжээ. "Катар-2022" тэмцээний үеэр олон мянган хүмүүс Дака хотын талбайд цугларч Аргентиний багийг хөгжөөн дэмжиж, дуулж бүжиглэн томоохон баяр ёслол хийсэн юм. Тухайн үед Испанийн хэвлэл мэдээллээр Бангладешийн энэхүү “өвөрмөц үйлдэл”-ийн талаар жинхэнэ хөгжөөн дэмжигчийн жишээ болгон дурдаж байлаа. Бизнесийн төлөөлөгчидтэй хамт Дака хотод хоёр өдрийн айлчлал хийсэн Аргентины Гадаад хэргийн сайд тус улсын Гадаад хэргийн сайд АК Абдул Момен болон Хөлбөмбөгийн холбооны удирдлагатай уулзаж, спортын салбарт хамтын ажиллагаагаа улам хөгжүүлэхээр тохирсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.