images

Хятадад “Marvel”-ийн кинонууд дахин гарч эхлэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-02-27


     Дөрвөн жилийн дараа Хятадад “Marvel”-ийн кинонууд дахин гарч эхэллээ. Тухайлбал, энэ сарын 7-ноос “Black Panther: Wakanda Forever”, 17-ноос “Ant-Man and the Wasp: Quantumania” гарч эхлэв. Улмаар энэ хоёр кино Хятадад нээлтээ хийхийн өмнө тус улсын тасалбар борлуулах “Maoyan” платформын хамгийн их хүлээлттэй байгаа кино жагсаалтын хоёр, гуравдугаар байрт орсон бөгөөд энэ платформ дээрх 20 мянга гаруй кино сонирхогч дээрх киног "үзэх хүсэлтэй" гэсэн жагсаалтдаа нэмсэн байна. Black Panther” кино 2018 онд Хятадаас 663 сая юанийн орлого олж байсан ба энэ удаагийн ангийг нээлтээ хийхийн өмнө хоёр сая юанийн тасалбарын урьдчилсан захиалга авчээ. Мөн нээлтээ хийснээсээ хойш 13 хоногийн дотор 100 сая юанийн борлуулалтын орлого олсон аж. Харин “Ant-Man and the Wasp: Quantumania” кино тус улсад нээлтээ хийсэн эхний хоёр хоногтоо л 100 сая юанийн борлуулалт хийсэн ч Хятадын кино шүүмжлэгчид, үзэгчдээс таагүй үнэлгээ авлаа. Иймд “Marvel” студийг Хятадын шүтэн бишрэгчдээ авч үлдэхийн тулд шинэ түүх, шинэ киног гаргаж ирэх хэрэгтэй гэж дүгнэсэн байна. Тус улс нь Холливүүдийн киноны томоохон зах зээлийн нэг бөгөөд 2012 оноос бүх "Marvel”-ийн киноны борлуулалтын орлогоороо Америк, Канадын дараа орох болжээ. Тухайлбал, “Avengers: Endgame” 2019 онд дэлхий дахинд 2.8 тэрбум долларын борлуулалт хийсний 22 хувийг нь Хятад улс дангаараа бүрдүүлсэн байна. Харин тус улсад нээлтээ хийсэн “Marvel”-ийн сүүлчийн кино болох 2019 онд гарсан “Spider-Man: Far From Home” дэлхий нийтэд 1.1 тэрбум долларын борлуулалтын орлого олсны 18 хувийг Хятадаас олжээ. Уг киноноос хойшхи “Eternals”, Doctor Strange in the multiverse of Madness” зэрэг тус студийн хэд хэдэн бүтээлийг Хятад улс эх орондоо гаргахыг зөвшөөрөөгүй юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.