images

3000 жилийн өмнө тархины мэс засал хийж байжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-02-23


     Археологичид Израилийн газар нутаг дахь МЭӨ XV зууны үеийн оршуулгын газраас ах дүү хоёрын араг яс олоход тэдний нэг нь нас барахынхаа өмнө тархины мэс засал хийлгэснийг тогтоожээ. Энэхүү олдвор нь эртний Ойрх Дорнодоос олдсон гавлын ясны мэс заслын төрөл болох трефинацийн хамгийн эртний жишээ юм. Трефинаци нь хэдэн мянган жилийн өмнөх тархины мэс засал хийх арга буюу хүний гавлын ясыг нүхэлж хийдэг хагалгаа юм. Ах дүү хоёрын олдвор эртний Тель Мегиддо хот дахь булшны малтлагын үеэр олдсон ба МЭӨ 1550-1450 онд хамаарна. Тэдний ах нь 20-40 насных байсан бөгөөд түүний хуйхыг хуулж, дараа нь гавлын ясны урд талын ясанд огтлолцсон дөрвөн шугам зурж, 30 миллиметр хэмжээтэй дөрвөлжин нүх гаргасан байжээ. Уг судалгааг хийж буй Рэйчил Калишэр “Трефинаци нь олон мянган жилийн өмнөх өргөн тархсан мэс заслын төрөл байсны нотолгоо бидэнд бий” гэсэн юм. Мөн "Гэвч Ойрх Дорнодод энэ төрлийн мэс засал олон тохиолддоггүй. Энэ бүс нутгаас арав орчим л ийм олдвор олдсон. Эрдэм шинжилгээний бүртгэлд илүү олон жишээ нэмснээр энэ нутгийн эртний хотуудын эмнэлгийн тусламж, соёлын өөрчлөлтийн талаарх салбарын ойлголтыг гүнзгийрүүлнэ гэж найдаж байна” гэжээ. Олдвор олдсон Тель Мегиддо хот нь 4000 жилийн өмнө бий болсон бөгөөд Египет, Сири, Анатоли, Месопотамийг хуурай замаар холбосон худалдааны их замын нэг хэсгийг хянадаг ордон, сүм хийд, бэхлэлт ихтэй баян хот байжээ. Харин судлаачид ах дүү хоёрын араг яснаас тэднийг архаг суурь өвчтэй байсан ч олон жил өвчинтэйгөө тэмцэж амьд явсныг тогтоосон байна. Үүний шалтгааныг тэд баян чинээлэг айлын хүүхдүүд гэж үзжээ. Учир нь, чинээлэг тусмаа хар ажил бага хийж, сайн хоол идэх тул хүнд өвчтэй ч удаан амьдрах боломжтой гэж үзсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.