images

Поп од Фаррелл Уильямс "Louis Vuitton" компанид дарга болов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-02-16


     Америкийн поп од Фаррелл Уильямс Францын "Louis Vuitton" брэндийн эрэгтэй хувцасны дизайны албаны даргаар томилогджээ. Энэ тухай "Louis Vuitton" групп Twitter хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Тансаг зэрэглэлийн эрэгтэй хувцасны загвар зохион бүтээх тус албыг өмнө нь хар арьст ерөнхий дизайнер Виржил Аблох хашиж байсан бөгөөд тэрбээр 2021 оны арваннэгдүгээр сард хорт хавдраар өөд болсноос хойш жил гаруйн хугацаанд өөр хүн томилогдоогүй байжээ. Энэ хооронд загварын салбарынхан Англи, Америкийн нэр хүндтэй загвар зохион бүтээгчдийн дундаас хэн нэг нь уг албанд очно гэж таамаглаж байсан ч "Louis Vuitton" энэ албыг хар арьст хөгжимчин Ф.Уильямст даатгасан байна. Улмаар түүнийг томилсон шалтгаанаа тайлбарлахдаа "Уильямс уран бүтээлийн ертөнцөө хөгжмөөс хувцас загвар хүртэл өргөжүүлж, өөрийгөө дэлхийн соёлын бэлгэ тэмдэг болгосон" гэжээ. "Happy" дуугаараа олны танил болсон Ф.Уильямс Грэммийн шагналыг 13 удаа хүртэж байснаас гадна загвар зохион бүтээж, бизнес амжилттай эрхэлж иржээ. 2003 онд тэрбээр Японы алдарт дизайнер Ниготой хамтран "Billionaire Boys Club" нэртэй хип хоп загварын брэндийг үүсгэн байгуулсан аж. "Louis Vuitton" мэдэгдэлдээ мөн “Ирэх зургаадугаар сард Францын Парис хотод болох эрэгтэйчүүдийн загварын долоо хоногийн үеэр Уильямс жинхэнэ ур чадвараа харуулах болно” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.