images

Хойд Солонгос, Хятадын хуурай замын хил нээгдлээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-02-16


     Хойд Солонгос, Хятад хоёрыг холбосон хуурай газрын худалдааны гол замын нэг болох Насон, Хүнчүнь хотуудын хоорондох ачаа тээврийн хөдөлгөөн сэргэсэн тухай Японы “Nikkei Asia” сэтгүүл мэдээлэв. Хойд Солонгосын нөхцөл байдлыг сайн мэддэг Хятадын эх сурвалж “Хоёр улсын эрх баригчид зарим төрлийн тээврийн урсгалыг сэргээхээр тохиролцсон” гэж мэдэгджээ. Хятадын зүүн хойд хэсэгт орших Хүнчүнь хотын гаалийн байгууламж дахин ашиглалтад орсноор үр тариа болон бусад бараа ачсан машинууд хилээр гарч, Түмэн голын ойролцоох Хойд Солонгосын Нажин-Сонбонг эдийн засаг, худалдааны бүсэд очих боломжтой болжээ. 2020 оны нэгдүгээр сард цар тахал дэгдсэнээс хойш Хойд Солонгос иргэдээ хилийн чанадад зорчихыг хориглож, мөн оны 10 дугаар сард ачааны машин, усан онгоц, төмөр замаар ачаа тээвэрлэхийг бараг бүрэн зогсоож, тус улсын хамгийн том худалдааны түнш болох Хятад улс руу гардаг хуурай замын тээвэр үндсэндээ зогссон байсан юм. Өнгөрсөн оны есдүгээр сард Хойд Солонгос Шинуйжү хотоос Хятадын Дандун хот хоорондын ачааны галт тэрэгний шугамыг дахин ажиллуулж эхэлсэн бөгөөд энэ удаад ачааны машин гарах болсноор худалдааны эргэлт аажмаар нэмэгдэх боллоо. Дандун, Жиан зэрэг Хятадын бусад хилийн бүсүүд мөн ачаа тээврийн асуудлыг хэлэлцэж байгаа ч эцсийн шийд гараагүй байна. Хойд Солонгост 40 гаруй удаа очсон Зүүн хойд Азийн олон улсын хүрээлэнгийн судлаач Мицүхиро Мимүра “Хойд Солонгосын Насон дүүрэг бол бусад бүс нутгаас тусгаарлагдсан эдийн засгийн онцгой бүс” хэмээн онцолжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.