Марлон Брандогийн хайрын захиа дуудлага худалдаанд орно
Анд нөхдийн мэдээ
2023-02-07
Жүжигчин, кино найруулагч Марлон Брандогийн залуу цагийн сэтгэлт бүсгүй, Францын бүжигчин, жүжигчин Соланж Поделд илгээж байсан хайрын захиа дуудлага худалдаанд орох болсон тухай “The Times” сонин мэдээлэв. Сэтгэлт бүсгүйгээсээ салах болсон тухайгаа 1940-өөд онд бичиж байсан уг захианы дуудлага худалдааны эхний үнэ нь 15 мянган доллараас эхлэх ажээ. Тэрбээр захиандаа "Сэтгэлд чинь хүрэхийн тулд илүү их хичээх байсан юм. Ингэж чадаагүйд уучлаарай. Чин үнэн сэтгэлээсээ бичсэн захиаг минь хүлээн авна уу” гэжээ. Улмаар захиагаа "Би чамайг энхрийлэл, хүндэтгэл, талархалтайгаар үүрд дурсах болно" гэсэн үгсээр төгсгөжээ. Тухайн үед Брандо “A Streetcar Named Desire” хэмээх жүжгийн өөрийгөө зөвтгөгч, бүдүүлэг эр Стэнли Ковалскийн дүрд тоглосон, өсөж буй кино од байсан бол Подел Францаас мөрөөдөл тээн Холливүүдэд ирсэн залуу жүжигчин байжээ. Брандо 1994 онд бичсэн "Ээжийн минь зааж өгсөн дуунууд" хэмээх дурсамж номондоо хайртай хүмүүсийнхээ нэрийг дурдаагүй байсан ч Подел түүнтэй хамт байсан цаг үеэ ний нуугүй дурссан байдаг. Тэрбээр 2014 онд ярилцлага өгөхдөө "Долоо хоногт 500 долларын цалин авч байсан Брандо надад ээжтэйгээ амьдрах байрны хөлс болгож 900 доллар өгч байсан" гэж хэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.