АНУ-н Төрийн департамент хятадын хуульчийг хүний эрхийн шагналаар шагнав
Анд нөхдийн мэдээ
2023-02-03
АНУ-Хятадын харилцаа хурцадмал байгаа энэ цагт Хятадын хүний эрхийн хуульч Дин Жиашиг АНУ-ын Төрийн департаментаас "Дэлхийн хүний эрхийн шагнал"-ыг олгожээ. Инженерийн мэргэжилтнээс хүний эрхийн хуульч болсон Дин Жиаши нь сүүлийн 10 жилийн хугацаанд Хятадын ард түмнийг үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэхийг уриалдаг "Шинэ иргэдийн хөдөлгөөн"-д оролцсоор ирсэн байна. "Шинэ иргэдийн хөдөлгөөн" нь Хятадын нэг намын дарангуйллын үед орон нутгийн сонгуульд хувь хүмүүсийг оролцохыг уриалж, төрийн албан хаагчид өөрсдийн хөрөнгө чинээг ил болгох кампанит ажил өрнүүлж, тариачин ажилчдын хүүхдүүдийн боловсролын хүртээмжийг сайжруулахыг уриалдаг иргэний нийгмийн байгууллага юм. Тэрбээр 2013 оноос хойш төр засгийг шүүмжилсэн хэргээр удаа дараа шоронд хоригдож байсан бөгөөд 2019 оны арванхоёрдугаар сард Фүжиан мужийн Шиамэн хотод болсон хүний эрхийн төлөөх жагсаалд оролцсоны дараа баривчлагдан хоригдсон ажээ. Түүнийг 2021 онд төрийн эрх мэдлийг урвуулсан хэргээр буруутгаж, өнгөрсөн жил Шаньдун мужид нууцаар шүүсэн боловч ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа ажээ. Төрийн эрх мэдлийг урвуулсан хэрэг нь бүх насаар нь хорих ял оноодог зүйл ангитай ажээ. Өмнө нь 2014 онд болсон анхны шүүх хурал дээрээ Дин Жиаши "Би өөрийн гэсэн үзэл бодолтой, дуу хоолойтой иргэн байхыг хүсч байна” гэсэн байдаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.