images

1000 хүнийг хараатай болоход туслав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-01-30


   “Youtube”-д 130 сая гаруй дагагчтай “MrBeast” сувгийг хөтөлдөг Жимми Дональдсон хараагүй болон ойрын хараагүй ч хагалгаа хийлгэх төлбөрийн боломжгүй 1000 хүнд нүдний болор солиулах мэс засал хийлгэхэд нь тусалжээ. АНУ-д энэ төрлийн мэс заслын дундаж үнэ 3500 доллар байдаг аж. Харин Ж.Дональдсон Калифорниас эхлэн Хондурас, Кени, Вьетнам, Ямайка, Намиб, Мехико, Индонез, Бразилын 1000 хүнд тусалсан бөгөөд бичлэгээ өчигдөр “Youtube”-д оруулсан юм. Тэрбээр нүдний мэс заслын төлбөрийг төлөөд зогсохгүй зарим оролцогчдод коллежийн сургалтын төлбөр, “Tesla” автомашин, 10 мянган долларын бэлэн мөнгө хандивлаж байв. Харин хараагүй болон ойрын хараагүй хүмүүст туслах саналыг нүдний мэс заслын эмч Жэфф Лэвинсон өнгөрсөн 9 дүгээр сард гаргажээ. Тэрбээр өөрөө ийм хагалгаанд орсныхоо дараа бусдад туслахыг хүсэж Ж.Дональдсонд хандсан байна. Лэвинсон өөрөө эрүүл мэндийн даатгалгүй, хараагүй иргэдэд үнэ төлбөргүй нүдний болор солих мэс засал хийж өгдөг “Хараа бэлэглэе” хөтөлбөрт 20 гаруй жил зохицуулагч хийжээ. Тэрбээр “Дэлхий дээрх бүх хараагүй хүмүүсийн тал хувьд нь 10 минутын мэс засал хэрэгтэй байдаг” хэмээн бичлэг дээр хэлсэн юм. Ингээд эхний ээлжинд Калифорнийн Жэксонвилль дэх гэр оронгүй хүмүүсийн хоргодох байр, үнэ төлбөргүй эмнэлгүүд рүү утасдаж өвчтөнүүдийн жагсаалт гаргасан байна. Энэ аргаар харааны бэрхшээлтэй 40 хүн олж тэдэнд өглөөний 7 цагаас оройн 6 цаг хүртэл тасралтгүй мэс засал хийжээ.

    “MrBeast” сувгийн хараагүй хүмүүст тусалсан бичлэгийг 24 цагийн дотор 41 сая хүн үзээд байна. Энэ сувгийн хөтлөгч өмнө нь “Squad game” кино гарсны дараа тус киноны үйл явдлаар тэмцээн зохиож, ялагчийг 456 мянган доллароор шагнасан юм. Ж.Доналдьсоны “MrBeast” суваг нь дагагчдынхаа тоогоор дэлхийд дөрөвдүгээрт ордог бөгөөд дэлхийн хамгийн баян youtuber-үүдийн жагсаалтын аравдугаарт бичигддэг. Тэрбээр өдгөө 58 сая долларын хөрөнгөтэй юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.