Н.Баярсайхан: “River Sounds” шиг 25 жил тасралтгүй ажилласан амьд хөгжмийн клуб Азид ховор, дэлхийд цөөхөн
“River Sounds” клубийн үүсгэн байгуулагч Н.Баярсайхан.

Н.Баярсайхан: “River Sounds” шиг 25 жил тасралтгүй ажилласан амьд хөгжмийн клуб Азид ховор, дэлхийд цөөхөн


   Амьд хөгжмийн клубийн соёлыг Монголд анх нэвтрүүлж, Улаанбаатар хотын төвд “River Sounds” клубийг байгуулсан “Цаст Импекс” компанийн ерөнхий захирал Н.Баярсайхан манай “Бид ингэж эхэлсэн” буланд уригдлаа. “River Sounds” нь үндсэн чиглэлээрээ тасралтгүй 25 жил үйл ажиллагаа явуулсан Монголын цорын ганц амьд хөгжмийн клуб юм.

   "River Sounds” клубийг анх байгуулсан тухайгаа ярихад миний хувьд их дуртай байна. Яагаад гэвэл энэ бол нэг баарны тухай яриа юм шиг зарим хүнд санагдаж магадгүй. Гэтэл үнэн хэрэгтээ тийм биш, энэ бол хотын соёлын тухай, дуу хөгжим, урлагийн тухай яриа юм. 25 жилийн өмнө, бизнес эрхлээд нэлээд хугацаа өнгөрчихсөн, амжилттай ч явж байсан үе. Бизнесмэн хүн ямар нэгэн ашигтай үйл ажиллагаа явуулахыг байнга эрж хайдаг нь зүйн хэрэг. Энэ талаар бодож байгаад, дуу хөгжимтэй холбоо бүхий үйлчилгээний газар, тэр дундаа жааз клуб байгуулбал зүгээр юм уу гэж бодсон юм. Энэ нь бас хувийн шалтгаантай. Юу гэвэл би өөрөө урлагийн хүний гэрт төрж өссөн. Миний ээж 16 настайдаа Улсын ардын дуу бүжгийн чуулгад туслах дуучнаар орж бараг 40 гаруй жил гоцлол дуучнаар ажилласан Намсрайжав гэж хүн байлаа. Ийм айлын ч хүүхэд юм, жааз хөгжим их сонирхдог, шимтэж сонсдог байсан ч үе. Ингээд клуб байгуулах санаагаа хоёр хүнтэй солилцож их урам зориг авсан юм. Нэг нь бол Лэйтон Крофт гэж, Монголд олон жил болсон америк хүн. Нөгөө нь “Болор” хамтлагийн дуучин, ая зохиогч С.Оргил. Бизнесийг хийх, эхлүүлэхэд сайн судлах, мэргэжлийн хүмүүстэй зөвлөж санал солилцох тусам илүү үр дүнтэй байдаг нь зарчим юм даа.

Америк найз юу гэж зөвлөв?

Ингээд ярилцахад Лэйтон надад “Ерөөсөө хотын соёлын нэг гол хэсэг нь дуу хөгжим байдаг. Тэрийг төвлөрүүлдэг, цөм нь болдог газар бол клуб (club) юм. Хүмүүс хоол цайгаа идэж, уух юмаа уунгаа чөлөөтэй уулзаж, сайхан хөгжим сонсдог тийм газар өнөөдөр Улаанбаатарт алга байна” гэж зөвлөсөн юм. Энэ нь диско клубээс тэс өөр, дуучид, хөгжимчид нь тайзан дээр амьдаараа тоглодог газар байх ёстой байв. Тухайн үед Улаанбаатарт тийм газар үнэхээр байсангүй, дуучид маань голдуу фонограмм тавьж дуулдаг байлаа. Харин тайзнаас амьд тоглолт, перформанс хүргэнэ гэдэг шал өөр соёл, огт өөр мэдрэмж гэдгийг Лэйтон маань орой руу ортол хэлж өгсөн. Ингээд бид гурав санаа нэгдэж, шинэ газрынхаа концепцийг “лайв мюзик клаб” (live music club) гэж байхаар тогтсон юм.

   Лэйтоны тухай дахин ярихад, тэрбээр Монголд маш их зүйл хийсэн хүн. Одоо 50 гаруй настай, саяхан манай клубийн 25 жилийн ойд оролцоод буцсан. Энх тайвны корпусын шугамаар Монголд анх хөл тавиад, Баянхонгор аймагт англи хэлний багшаар эхнэртэйгээ хамт нэлээд хэдэн жил ажилласны дараа Улаанбаатарт ирсэн, “Оюутолгой” компани байгуулагдахад дэд захирлаар нь ажиллаж байлаа. Хүүхдүүд нь бүгд энд төрсөн. Монгол хэлээр чөлөөтэй ярьдаг, монголоор дуу хүртэл зохиож байсан, урлагт маш дуртай залуу. “Тээврийн товчооноос фургонд суугаад” гэхчлэн, яг тухайн үеийн Монголын амьдралын хэмнэлийг харуулсан хөөрхөн шүлэгтэй дуу хүртэл зохиож байсан хүн дээ.  

Оргил ба Англи

   Намайг Лэйтонтой уулзуулж өгсөн хүн бол “Болор” хамтлагийн дуучин С.Оргил юм. Оргил тухайн үед Орос хэлний дээд сургуулийг төгсөөд байсан. 1991 онд би нэг найзтайгаа хамтраад, Жон Ленноны 50 насны ойд зориулж, англи хэлээр эстрадын дуу дуулаачдын улсын анхдугаар уралдаан гэдгийг Соёлын төв өргөөнд зохион байгуулж байлаа. Оргил энэ уралдаанд оролцож “Гран-При” шагналыг нь авсан юм. Элтон Жоны “Sacrifice” дууг дуулж түрүүлсэн шиг санагдаж байна. Тэр уралдааныг Английн Элчин сайдын яам болон манай Энх тайван, найрамдлын байгууллага их дэмжсэн. Ингээд тэмцээнд түрүүлсэн Оргилыг шагнаж Англи явуулахаар болсон юм. Мань хүний тийшээ явсан түүх их хөгжилтэй. 1990 онд Англи явна гэдэг маш хэцүү асуудал байлаа. Гэвч ЭСЯ тэмцээнийг маань дэмжсэн тул визийг нь олгохын зэрэгцээ багаахан мөнгө өгөөд, зардлын тодорхой хэсгийг бид концертынхоо орлогоос гаргасан юм. Мөнгө үнэхээр муутай явсан тул зарим газар нь автобусаар, бараг л явган гээгүй байгаа даа, тэгж явж байж Лондонд очсон байдаг. Оргил тэрийгээ их хөгжилтэй ярьдаг юм. “Юугаар яаж явж тэнд хүрснээ ерөөсөө санадаггүй” гэхчлэн. Ямар ч байсан маш гоё байсан гэдэг. “Битлз”-ийн эх орныг тэгж үзчихээд ирсэн. Оргил, Лэйтон хоёр тухайн үед Улаанбаатарын гайгүй бааруудаар нэлээн дуулсан даа.

“River Sounds” клуб 2003 онд. 

Дуудах нэрийг олов

   Манай Оргилын бас нэг онцгой гавьяа бол клубийн нэрийг өгсөн, өгөх өгөхдөө маш гоё онож өгсөн явдал юм. Би тухайн үед “live music club” гэсэн тодорхойлолттой газрынхаа урд талд монгол нэр залгахаар нэг л зохимжгүй санагдаад Оргилд “Чи нэг англи нэр бодоотхооч” гэсэн юм. Гэтэл мань хүн хэдхэн хоногийн дараа над руу утасдаад “Нэрээ олчихлоо, River sounds” гэв. Би гайхаад “Голын чимээ гэдэг нь ямар учиртай юм бэ? Туул голын эрэг дээр байгаа биш дээ, ямар” гэв ээ. Тэгтэл Оргил “Үгүй ээ, энэ Туул голтой ерөөсөө хамаагүй. Амьдаараа дуулж, хөгжим тоглоно гэдэг бол хүний сэтгэл хөдлөлөөс хамаарч тэр мөчид ганцхан удаа л болдог давтагдашгүй зүйл юм. Яг тэр ритм, өнгө аяс, сэтгэлийн хөдлөл дахиж давтагддаггүй. Нэг дууг нэг цагийн дараа эсвэл маргааш өдөр нь дуулахад дуучин хүн өмнөхөөсөө өөр өнгө аясаар дуулдаг. Яг үүнтэй адилаар, голын чимээ бол байгалийн давтагдашгүй сонин чимээнүүдийн нийлбэр байдаг. Тэгэхээр амьд хөгжим гэдэг байнга өөр өөрөөр дуугарч, сонсогдож байдгаараа голын чимээтэй ижил юм” гэж тайлбарласан. Энэ тайлбар маш их таалагдсан тул бид энэ нэрийг сонгосон юм. Нэрийн хувилбар дээр толгойгоо гашилгаж өөр нэр ч бодоогүй. Хөгжмийн хүн өгсөн болохоор илүү амьдралтай, агуулга нь ч үнэхээр мундаг болсон доо.

Нэг нас хүрэв. 

Анхны интерьер, анхны хөгжим, анхны дуучид... 

   Клубийн интерьер дизайныг гаргах нүсэр ажлыг миний хамтран зүтгэгч Цэвээний Алтангэрэл хийсэн юм. Тэрбээр “Мөнгөн харандаа” хамтлагт бөмбөр тоглодог байсан, хөгжмийн хообийтой хүн учраас яг концертын заал биш мөртлөө амьд тоглолт хийхэд тохиромжтой байх орон зай, тайзны төлөвлөлтийг маш нарийн тооцоолж хийсэн. Хүмүүс нэг хэв загвараас уйддаг тул үйлчилгээний газрын интерьерийг үе үе шинэчлэх шаардлагатай болдог юм билээ. Архитектор, дизайнер мэргэжилтэй Алтангэрэл маань клубийн анхны дотоод заслын дахин хоёр удаагийн томоохон шинэчлэлийг гардан гүйцэтгэсэн бөгөөд энэ клубийг хамтран бүтээгчдийн нэг гэж бид үздэг.

   Анхны хөрөнгө оруулалтаараа бид хуучин барилгыг сэргээн засварлах, тавилга бэлдэх, хөгжим аппаратур авахад голчлон анхаарсан. Амьд хөгжим тоглоход нэн тохиромжтой, дэлхийн жишигт нийцсэн “Mackie” брэндийн спикер, пульт, өсгөгч, дууны эквалайзер зэргийг цогцоор нь хамгийн түрүүнд оруулж ирж тавьсан нь тухайн үедээ том шинэчлэл байв. Бид захиалга өгч, “Total Music” компани оруулж ирж байсан. Манай дуучид, хөгжимчид “Чанаргүй техник дээр амьд хөгжим тоглоход жинхэнэ дуу гаргаж чаддаггүй” гэдэг учраас хөгжмийн тал дээр онцгой анхаарсан юм. Үүний үр дүнд манай клубт рок, жааз, поп, блюз гээд бүхий л жанрын уран бүтээлчид чөлөөтэй тоглох боломж бүрдсэн. Ингэснээр манайх Монголын рок, попын од олон дуучны гарч ирсэн анхны тайз, түшиц газар болсон юм. Тухайлбал, дуучин Б.Сэрчмаа тухайн үед хамтлагаасаа гараад байхдаа манай “Black and White” хамтлагийн гоцлол дуучнаар маш амжилттай дуулж, олны танил болох гараагаа чухам эндээс эхэлсэн түүхтэй. Хийлч Дээгий байна, мөн л анхны тоглолтуудаа манай тайзан дээр хийж байлаа.  

   Клубийн маань хөгжил цэцэглэлт, 25 жилийн түүхийн 12 жилд нь гол энтертэйнмент хөтөлбөр, оройн тоглолт, урлагийн программыг найруулан зохицуулж байсан хүн бол тухайн үеийн “Black and White” хамтлагийн ахлагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Намсрайн Ганхуяг гэдгийг энд мөн онцгойлон дурдмаар байна.

“Black and White” хамтлаг.

Нээлт

   Бэлтгэл ажил маань сайн хангагдаж, клубээ нээх цаг ойртов. 2000-аад онд одоогийнх шиг сошиал медиа, интернэт хөгжөөгүй байсан тул бид сурталчилгаагаа голдуу “Өдрийн сонин” зэрэг өдөр тутмын хэвлэлүүдээр явуулж байлаа. Гэхдээ клубийнхээ зэрэглэл, нэр хүндийг бодож, элдэв шар сонинд сурталчилгаа тавихаас татгалздаг байв. Мөн телевизээр гаргах 2-3 клип хийлгэсэн. Хамгийн анхны телевизийн сурталчилгааг маань тухайн үеийн “Жи энтертэйнмент”-ийн Р.Мөнхсайхан (“рок” хэмээх) хийж байв. Дараа нь 10 жилийн ойгоор “On'n Off” продакшны С.Ононбат хийсэн.   

   “River Sounds” клубийн нээлт 2000 оны дөрөвдүгээр сард болсон юм. Нээлтэн дээр амьд хөгжмийн хамтлагууд, миний дотнын найз нөхдөөс гадна тухайн үеийн УИХ-ын дарга Р.Гончигдорж гуай тэргүүтэй цөөнгүй улс төрч ирж байсан санагдана. Нээлтийн өдөр тайзнаа гарч дуулсан хүмүүс бол юуны түрүүнд “Black and White” хамтлаг байв. Тус хамтлагт “Улаанбаатарын үдэш” дууны аяыг зохиосон хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж, хөгжмийн зохиолч Хоовон хэмээх Г.Энхбаяр, дуучин Н.Ганхуяг, Б.Сэрчмаа, Ж.Чингис нар байсан. Мөн Лэйтон, Оргил хоёр маань “Болор” хамтлагтайгаа тоглосон доо.   

Шилдгийн эгнээнд  

   2002 онд дэлхийд алдартай “Boney M.” хамтлаг Монголд тоглосон юм. Ингэхдээ “River Sounds” клубт зочлон тайзан дээр гарсан нь манай  клубийн хувьд түүхэн үйл явдал болж байлаа. Хэр баргийн тайзанд гарахгүй улс гэдэг нь мэдээж тул манайхыг Улаанбаатарын хамгийн шилдэг клуб хэмээн үнэлсэн хэрэг болов уу. Арай хожмынхоос нэрлэвэл “Smokie” хамтлаг байна. Хотын соёлыг түгээхэд оруулж буй хувь нэмрийг маань үнэлсэн бас нэг чухал үйл явдал үүний өмнө буюу 2001 онд болсон нь, англи хэл дээр гардаг “Mongol Messenger” сонин манай клубыг “Оны шилдэг клуб”-ээр тодруулж байв. Уншигчдын санал асуулгаар шалгаруулсан юм билээ. “Mongol Messenger” бол манай англи хэлтнүүдээс гадна Монголд ажиллаж, амьдарч буй гадаадын иргэдийн уншдаг гол хэвлэл байсан юм.

   Өөрсдөө шилдэг болохоос гадна Монголын шилдгүүдийг мөнхжүүлэхийн төлөө хийсэн нэгэн үйл хэргийг энд дурдмаар байна. Энэ бол бидний 2001 онд гаргасан “The Best of Mongolian Classical Music” гэж цомог. Зөвхөн Барууны соёлыг эх орондоо дэлгэрүүлээд зогсохгүй, Монголынхоо сонгодог болон симфони хөгжмийг залуучуудад хүргэх, өвлүүлэхэд хувь нэмрээ оруулахыг бодож, соёлын  том хөрөнгө оруулалт хийсэн маань энэ. “The Best of Mongolian Classical Music” бол 1950-60-аад оны үед зохиогдсон Монголын суут хөгжмийн зохиолчдын шилдэг туурвилууд, тухайлбал Л.Мөрдоржийн “Миний эх орон”, Э.Чойдогийн “Монголын сайхан орон”, Б.Дамдинсүрэнгийн “Хэнтийн өндөр ууланд” зэрэг агуу бүтээлүүдийг нэг дор багтаасан анхны цомог юм. Эдгээр хөгжим хугацаа уртаасаа болоод “Youtube” дээр байдаггүй, FM радиогоор бол бүр тоож явуулдаггүй байв. Ингээд Монголын хөгжмийн зохиолчдын холбоо болон уран бүтээлчдийн гэр бүлээс албан ёсны зөвшөөрөл авч, Сингапур улсад дэлхийн стандартын дагуу mastering хийгээд хэвлүүлж байлаа. Сая 25 жилийнхээ ойгоор мөн дахин шинэчлэн хэвлүүлсэн.

Клубийн ойгоор Монголын бүх одод цуглав. 2001 он. 

Сайн юманд садаа мундахгүй

   Монголд шөнийн клубийн бизнесийг авч явах, энэ соёлыг хамгаалж үлдэх зам маш хүнд, амаргүй байлаа. Улаанбаатар хот мегаполис болон хөгжиж, залуус болон гаднын зочид гийчдийн хэрэгцээг хангасан үйлчилгээний салбар хөгжихөөс өөр замгүй байхад төр засаг, хууль хяналтынхан үүнийг ойлгодоггүй байв. Тухайн үед архидалттай тэмцэх нэрийдлээр шөнийн клубуудийн цагийн хуваарийг шөнийн 00 цаг хүртэл болгож хязгаарласан нь бизнест маш хүнд туссан. Үүнээс болоод клуб маань 4-5 жилийн турш ямар ч ашиггүй, алдагдалтай ажиллаж байлаа. Гэвч манай толгой компани өөр чиглэлийн бизнесүүдээсээ үйл ажиллагааны зардлыг нөхөх замаар дампууруулалгүй тэсэж үлдээсэн юм.

   Тэр ч байтугай, Цагдаагийн ерөнхий газраас “Шөнийн клубээс болж гэмт хэрэг гараад байна” гэсэн ямар ч бодитой судалгаагүй үндэслэлээр шөнийн клубуудийг оройн 22 цагт хаадаг болгох хуулийн төслийг УИХ-д оруулахаар бэлдэж эхлэв. Хэрэв энэ хууль батлагдвал Улаанбаатар хот шөнийн амьдрал, соёлгүй дэлхийн цорын ганц ардчилсан улсын нийслэл болох гээд байлаа. Коммунист Хятад, Вьетнамд хүртэл шөнийн клубууд чөлөөтэй ажиллаж байдаг шүү дээ.

   Энэ утгагүй шийдвэрийг зогсоохын тулд би “Face” клубийн эзэн Батбаяртай хамтран, нийтлэлч Баабар гуайтай очиж уулзсан юм. Бид түүнд “Хэрэв шөнийн клуб хэрэггүй юм бол 22 цаг гэж байхаар бүүр мөсөн хаачихъя. Энэ чинь хотын соёлын салшгүй хэсэг мөн үү? Хотын хүмүүс чөлөөт цагаа хаана өнгөрөөж, хаана танилцах юм бэ?” гэхчлэн тайлбарлаж, үүнийг нийгэмд ойлгуулах нийтлэл бичиж өгөхийг хүссэн. Баабар гуай биднийг маш анхааралтай сонсож, ярилцсаны эцэст хууль хяналтынхны туйлшрал, мэргэжлийн хяналт болон цагдаа нарын торгож, дарамталдаг байдлыг егөөдсөн нийтлэл бичсэн юм. Дашрамд дурдахад, Баабар гуай их гоё ёж, егөөтэй ярьдаг хүн байна билээ. Юу гэж ярьсан бэ гэхээр “Клубт цагдаа орж ирээд таныг шууд элэгддэг байхгүй юу”  гэж байгаа юм. Би бол тэрийг хараагүй болохоор мэдэхгүй. Тэгсэн чинь “Чи наадхаа хаа гээд элэгддэг юм. Тэгээд гараад явчихдаг. Ингээд хаахаас өөр аргагүй болоод байж байтал дахиад нэг цагдаа орж ирээд элэгдэнэ. “Үгүй ээ, би сая элэгдүүлчихсэн шүү дээ” гээд хэлэхээр “Чи тэгвэл нийслэлээс явж байгаа хүнд элэгдүүлжээ. Би бол эргүүл явж байна” гэж хэлээд хоёр дахиа элэгдүүлдэг байхгүй юу” гэх жишээтэй. Ингээд “Нийгмийн жоом” гэж нийтлэл бичсэн, одоо ч baabar.mn сайт дээр бий. Баабар гуайн нийтлэл нийгэмд маш хүчтэй тусгал үзүүлэхээр барахгүй, УИХ-ын шийдвэрт нөлөөлснөөр өнөө 22 цагт хаах дарамтыг зогсоож чадсан. Ямар ч байсан 00 цаг хүртэл ажиллах эрхтэй үлдэж байв. Үнэндээ зун 22 цагт харанхуй болдог байхад 00 цагт клуб хаана гэдэг хотын амьдралд үнэхээр нийцэхгүй байсан юм.

   Үүний дараа Э.Бат-Үүлийг хотын дарга байх үед бид клубуудийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд нийслэлийн удирдлагуудтай уулзсан. Үүл дарга сайн ойлгож хүлээж авсан, гэхдээ шууд шийдэгдчихээгүй нь мэдээж. Шат шатандаа уулзах, ойлгуулах, ойлголцох үйл явц урт удаан хугацаанд өрнөсөн юм. Шөнийн клубийн соёлыг зөвөөр ойлгуулах энэ ажилд манайх нэлээд оройлж оролцсон, тууштай хөөцөлдсөн гэж хэлж болно. Үүний үр дүнд шөнийн клубууд 04 цаг хүртэл ажиллах зөвшөөрөлтэй болж, манай нийслэлийн шөнийн соёлын энэ чухал хэсэг эрхзүйн талаасаа цэгцэрсэн түүхтэй.

   “Клубт гэмт хэрэг гардаг” гэх цагдаагийн байгууллагын бодитой бус, тоо баримтгүй яриаг би хувьдаа хүлээн зөвшөөрдөггүй. Гарчихсан гэдэгт одоо ч үнэндээ итгэдэггүй. Тэр судалгаагаа ч бидэнд үзүүлдэггүй юм. Хүмүүсийн уулзаж суудаг, ганц нэг аяга шар айргаа уучихдаг, чөлөөт цагаа аятай өнгөрөөх хэрэгцээг ийм соёлтой, харуул хамгаалалттай, камертай, стандарттай газарт нь шийдэж өгөхгүй бол хүмүүс олноороо гэр орон, зочид буудалд хонож өнжих, ужиграх сөрөг үр дагавартай байдаг юм аа.

"Boney M." Монголын хамгийн шилдэг амьд хөгжмийн клубийн тайзнаа. 

Манайхан 

   Клубийн үйл ажиллагааг баггүйгээр төсөөлөх аргагүй. Үйлчлэгч, зөөгч, бармен, ди-жэй, хамгаалагчид, цаашлаад энэ хүмүүсийн ажлыг зангидаж, зохион байгуулдаг ерөнхий менежер хүртэлх олон хүний нуруун дээр бүх ажил явдаг. Харахад жижиг клуб мэт боловч үйлчилгээг зөвхөн хүнээр дамжиж хүргэдэг салбар учраас манайд сар бүр 40 гаруй хүн тогтмол ажиллаж иржээ. Давхардсан тоогоороо бол 60 гаруй болно. Анхны зохион байгуулагч Н.Ганбаатар, дараагийн менежер маань Д.Ганхуяг гэж шижигнэсэн залуучууд байсныг өнөөдөр дурсахад сайхан байна. Баатархүү гэж мундаг ди-жэй байлаа. Түүний тухай нэг хөгжилтэй зүйл ярихад, мань хүн Узелийн шар гэж хочтой. Байнгын үйлчлүүлэгч нэг нөхөр нэрийг нь мэдэхгүй, ди-жэй гэдэг үг бас сайн мэдэхгүй болохоороо “Тэр Узелийн шарыг дуудаад өгөөч, дуу захиалъя” гэсэн гэдэг. Ингээд хамт олон нь энийг нь хоч болгосон хэрэг.

   2016 оноос хойш буюу сүүлийн 10 жилд ерөнхий менежерээр ажиллаж байгаа Л.Эрдэнэцэцэгийгээ дурдмаар байна. Хар багаасаа Улаанбаатарын сургуулийн шилдэг тэргүүний сурагч байсныг нь би мэддэг юм. Хожим нь бид нэг дээд сургуульд суралцаж төгссөн улс. Сүүлийн 10 жил багаа маш сайн удирдаж, “River Sounds” клубийн ажлыг амжилттай авч яваа эмэгтэй. Түүний удирдлага дор ажиллаж буй, тухайлбал клубийн зохион байгуулагч Б.Анар гэж залуу байна, тасралтгүй арван хэдэн жил мөн л ачааны хүндийг үүрч ирсэн хүн. Хамгаалалтын албыг олон жил авч яваа Б.Найрамдал маань байна. Ахлах тогооч Т.Бадамцэцэг гэхэд л мөн тасралтгүй бараг 20 жил болж байгаа. Ерөөсөө манай клубийнхэн бол эндээ маш олон жил тогтвортой ажиллаж байгаа улс даа.

   Энд нэг бахархууштай зүйлийг бас дурдмаар байна. Ковидын дэгдэлтийн тэр хүнд үеийн буулганд хамгийн ихээр өртсөн хоёр төрлийн үйлчилгээ нь караоке ба шөнийн клуб байсан юм. Хоёр жил гаруйн хугацаанд бүрэн хорионд орсон. Хорионд  байсан баар, шөнийн клуб зэрэг үйлчилгээний газруудын талаар сонсоход ковидын дараа хүмүүс нь бүгд өөр өөр газар ажилд ороод явж. Эргээд хүмүүс нь цугларсан байдлыг хувь, үзүүлэлтээр харахад маш доогуур. Тэгвэл Эрдэнэцэцэгээр удирдуулсан манай хамт олон 100% буцаж ирж ажилдаа орсон байдаг юм. Зуун хувь шүү. Ажлынхаа байранд ингэтлээ дассан, ийм сэтгэлтэй хамт олон. Үнэнхүү бахархмаар.

   Харахад хэдийгээр жижиг мэт боловч “River Sounds” клуб 2025 онд улсын төсөвт нэг тэрбум орчим төгрөгийн татвар төлсөн байна. Жижиг клуб боловч том татвар төлөгч гэж болно. Тиймдээ ч Улаанбаатар хотын захирагчийн алба манайхыг Сүхбаатар дүүргийн шилдэг хоёр татвар төлөгчийн нэгээр шалгаруулсан болов уу. Ийм онцгой амжилтуудын эзэн, гарамгай сайн баг энэ клубийг авч явж байгаад сэтгэл өег байдаг юм.     

 Хөгжим, хүмүүс, соёл

   Сайхан тохилог орчинд, соёлтой хүмүүстэй уулзаж танилцах, дуртай зүйлээ хэмжээгээ мэдэрч хэрэглээд, ярьж хөөрөн, амьд хөгжмийн сайхныг мэдэрч суухыг хүн бүр хүсдэг. Дэлхийн аль ч хотод ийм хэрэгцээг хангадаг клубийн соёл аль хэдийнэ төлөвшсөн байдаг. 2000 онд River Sounds клубийг байгуулахдаа бид ийм соёлыг Монголд бий болгохыг зорьсон юм. Гэхдээ тэр үеийн нөхцөл байдал өнөөдрийнхөөс огт өөр байлаа. Архидан согтуурах, маргалдах, зодоон хийх зэрэг үзэгдэл шөнийн үйлчилгээний газруудад түгээмэл байсан учраас үйлчилгээний чанарыг хадгалах амаргүй байв. Зарим үед бүр клубээ зөвхөн тодорхой хүрээний хүмүүст зориулсан хаалттай газар болгох тухай хүртэл бодож байсан.

   Тэр үед Монголд ажиллаж байсан гадаад найз маань надад нэг зөвлөгөө өгсөн нь өнөөдөр хүртэл санаанд тод үлджээ. Тэрбээр "Хэрэв зөвхөн тусгай хүрээний хүмүүсийг хүлээж авбал тэд жилдээ ганц хоёрхон удаа л ирнэ. Ингэвэл бизнес оршин тогтнохгүй. Харин танайд ирдэг хүмүүсийн ихэнх нь хөдөлмөрлөж, өөрийн амьдралаа босгож яваа соёлтой, энгийн хүмүүс. Тэдний төлөө энэ орчныг бүрдүүлэх хэрэгтэй" гэж хэлсэн. Мөн тэрбээр "Ажил тарсны дараа тайван орчинд нэг аяга шар айраг уунгаа амьд хөгжим сонсож суух нь гэртээ тав тухтай амарч байгаатай адил сайхан мэдрэмж төрүүлдэг" гэж ярьсан нь надад их бодол өгсөн.

   Тэр зөвлөгөө River Sounds-ын үзэл баримтлалыг тодорхойлсон гэж хэлж болно. Бид хүмүүсийг зэрэг зиндаагаар нь ялгах биш, харин соёлтой үйлчилгээ, аюулгүй орчин, амьд хөгжмөөрөө хүмүүсийг татахыг зорьсон. Өөрийгөө зөв авч явдаг, бусдыг хүндэлдэг энгийн хүмүүсийн уулзах дуртай газар байх нь бидний хамгийн зөв сонголт байжээ. Өнөөдөр River Sounds олон жилийн турш тасралтгүй ажиллаж ирсэн нь энэ зарчмын үр дүн гэж боддог.

   “River Sounds-д ажилласан он жилүүдийг эргээд харахад бас нэг сонирхолтой өөрчлөлт ажиглагддаг. Энэ нь зөвхөн нэг клубийн түүх биш, харин Улаанбаатар хотын соёлын өөрчлөлтийн нэг жижигхэн тусгал юм. 2000-аад оны эхээр хүмүүсийн хэрэглээ, сонголт, олон нийтийн газар биеэ авч явах соёл өнөөдрийнхөөс эрс өөр байсан. Харин цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүмүүс чанартай бүтээгдэхүүн сонгодог болж, архийг хэмжээгээр бус соёлоор хэрэглэх хандлага нэмэгдсэн. Үүнтэй зэрэгцэн олон нийтийн газар биеэ авч явах соёл ч мэдэгдэхүйц өөрчлөгдсөн. Урьд нь шөнийн клубт зөрчил, маргаан гарах нь нийтлэг байсан бол өнөөдөр энэ нь бараг үзэгдэхээ больжээ.

   Энэ өөрчлөлт нь зөвхөн нэг байгууллагын гавьяа биш. Нийгэм бүхэлдээ хөгжиж, хүмүүсийн соёлын түвшин дээшилсний илрэл юм. Харин River Sounds энэ өөрчлөлтийн нэг хэсэг болж, хүмүүс чөлөөт цагаа соёлтой өнгөрөөх орчныг бүрдүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж чадсан гэж боддог.

Хорьж болдоггүй хорин таван жил  

   Одоо ингээд харахад, анхны “лайв мюзик клаб” гэдэг концепцоосоо бид ухралгүй 25 жил явж байна. Огт ухраагүйн маань шалтгаан, эх сурвалж нь ерөөсөө л амьд дуу хөгжим. Урлаг гэдэг хүнд ямар хүчтэй нөлөөлдгийг эндээс харж болно. Хүмүүс бааранд уулзаж суугаад, шар айраг уунгаа хоорондоо хуучлахдаа тайзан дээр дуулж, хөгжимдөж байгааг анзаарахгүй байгаа мэт боловч үнэндээ бол чихээрээ сонсож, биеэрээ мэдэрч, тайзан дээрх сэтгэл хөдлөлийг давхар хүлээж авч байдаг. Ийм соёлыг бид Монголд бий болгож, дэлгэрүүлж чадсан болов уу гэж боддог юм. Цаашилбал олон дуучин, хөгжимчнийг үзэгчидтэйгээ орой бүр шууд нүүр тулан уулзаж, тоглох боломжийг манайх бүрдүүлсэн. Мөн тэд маань Барууны домогт “The Beatles”, “Bee Gees” хамтлаг, Фрэнк Синатра зэрэг поп, рокийн оддын бүтээлүүдийг амьдаар хүргэж ирсэн нь хүмүүст маш их таалагддаг, цаашид ч үеийн үед ийм байх нь эргэлзээгүй.  

   Бизнест ашиг орлого буурах үе бишгүй байдаг ч бид хэзээ ч стилиэ өөрчилсөнгүй. Орлогогүй боллоо гээд зарим газар шиг стриптиз үзүүлдэг, бильярд тоглуулдаг болсонгүй, анхны зарчмаасаа хазайхгүй явсаар 25 жилийг үджээ. “River Sounds” шиг тасралтгүй ийм олон жил ажилласан, одоо ажиллаж байгаа амьд хөгжмийн ийм клуб Азид хэд байдаг нь их сонирхолтой юм. Бид судалж үзсэн. Ер нь бол хоёр, гурваас хэтрэхгүй бололтой юм билээ. Дэлхий дээр гэвэл бас л тийм олон биш. Тэгэхээр Азийн орнуудын хувьд гэхэд л, яг энэ төрлөөрөө, энэ чиглэлээрээ дагнаад 25 жил амжилттай, тасралтгүй ажилласан маш цөөн клубийн нэг нь манайх мөн гэдэгт би эргэлздэггүй юм аа.

"River Sounds"-ын тайзнаа хөтөлбөр тасардаггүй.  

Монголын амьд хөгжмийн үе үеийн оддын тодоос тод мөр энэ клубийн тайзанд бий.  

Өнөөдрийн "River Sounds” клуб. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.