Польш: Там руу аялах 666 дугаарын автобус гэж юу вэ?

Польш: Там руу аялах 666 дугаарын автобус гэж юу вэ?


   Христийн шашинд муу ёрын тоо гэж үздэг 666 дугаар бүхий автобусны чиглэлийг Польшид дахин сэргээсэн байна. Өмнө нь шашны бүлгүүдийн эсэргүүцлээс болж уг маршрутын дугаарыг өөрчлөөд байсан бөгөөд зорчигч тээврийн шинэ оператор компани жуулчдыг татах зорилгоор 666 дугаарыг ийнхүү дахин ашиглаж эхэлжээ. Тодруулбал, хот хоорондын зорчигч тээврийн FlixBus” компани Польшийн Краков хотоос хөдөлж нийслэл Варшаваар дайран Балтийн тэнгисийн хойд хэсгийн аялал жуулчлалын Хель тосгонтой холбогдсон шинэ маршрутыг 666 дугаартайгаар сэргээсэн байна. 13 цаг үргэлжлэх уг аялал Краковоос өглөөний зургаан цагт хөдөлж оройн 20 цагт Хельд хүрдэг аж. Хель тосгон Польшийн хойд хэсэгт орших Гданскийн булангийн үзүүрт байдаг. Энэ нь 35 км урт нарийхан элсэрхэг хошуугаар холбогдсон далайн эргийн амралтын газар бөгөөд Польш болон Европын жуулчид олноор зорин очдог газар юм. Газрын нэрийн хувьд англи хэлний “Hell” буюу "Там" гэдэг үгтэй дуудлага адилхан боловч утга нь огт өөр ажээ. Уг чиглэлийн дугаар өмнө нь ихээхэн маргаан дагуулдаг байв. Христийн шашинд 666 нь сатаныг бэлгэддэг тоо гэж үздэг. Польшийн зорчигч тээврийн PKS Gdynia” компани өмнө нь 666 дугаартай аяллыг зохион байгуулдаг байх үед шашны бүлгүүд болон хувь хүмүүс "Сатанизмыг сурталчилж байна" хэмээн эсэргүүцсэний улмаас 2023 онд энэ дугаарыг 669 болгон өөрчилжээ. Харин гадаадын жуулчдад "Там руу аялах 666 дугаартай автобус" нэрээр ихэд алдаршсан байсан бөгөөд зарим үйлчлүүлэгчээс 666 чиглэлийг дахин сэргээх санал хүсэлт хүртэл ирсэн байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.