Дональд Трамп Польш улс руу 5000 цэрэг илгээнэ
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Польш улс руу 5000 америк цэрэг илгээнэ гэж мэдэгджээ. Тэрбээр “TruthSocial” цахим хуудсандаа "Миний үргэлж дэмжиж ирсэн Карол Навроцкий Польшийн ерөнхийлөгчөөр сонгогдсон тул тус улс руу нэмэлт 5000 цэрэг илгээх болсондоо баяртай байна" хэмээн нийтэлсэн байна.
Өнгөрсөн сард Германы канцлер Фридрих Мерц Ираны эсрэг дайны стратегийг хатуухан шүүмжилж, "АНУ дэлхийн доог тохуу болж байна" гэсэн бөгөөд үүнд дургүйцлээ илэрхийлсэн Д.Трамп Германд байрлаж буй америк цэргийн тоог 5000-аар цөөрүүлнэ гэж мэдэгдсэн. Харин Польш улс руу шинээр 5000 цэрэг илгээх үү, эсвэл Германд байрлаж буй дайчдын цомхотгосон хүчнийг Польш руу шилжүүлэх үү гэдэг нь тодорхойгүй байна. Шинжээчдийн үзэж байгаагаар Ираны эсрэг стратегийг шүүмжилснийх нь төлөө Германы канцлерын эсрэг арга хэмжээ болгож, тус улсад байрлаж буй 5000 цэргийг Польш руу шилжүүлэх магадлалтай ажээ. Өнгөрсөн жилийн Польшийн ерөнхийлөгчийн сонгуульд баруун жигүүрийн үндсэрхэг үзэлтэй Хууль ба Шударга ёс нам (PiS)-аас нэр дэвшиж ялсан К.Наброцкий өрсөлдөж байх хугацаандаа Д.Трампын дэмжлэгийг авч, албан тушаалаа авсныхаа дараа шууд Цагаан ордонд айлчилсан юм. Одоогоор Герман улсад 35 мянга орчим америк цэрэг байрлаж байгаа бол Польшид 10 мянга орчим байна. Д.Трампын мэдэгдэл биеллээ олбол Польш дахь АНУ-ын цэргийн тоо мэдэгдэхүйц нэмэгдэх юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







