Принстоны Их сургууль хянагч багшгүйгээр шалгалт өгдөг тогтолцоог халав

Принстоны Их сургууль хянагч багшгүйгээр шалгалт өгдөг тогтолцоог халав


   АНУ-ын Принстоны Их сургууль нь байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл 133 жилийн турш хянагч багшгүйгээр зөвхөн “honor code” буюу “итгэлийн код”-оор оюутнуудаас шалгалт авдаг журамтай явж ирсэн юм. Харин саяхан сургуулийн Удирдах зөвлөлийн саналаар шалгалтыг заавал хянагч багштай авах шийдвэр гаргасан байна. Энэ шийдвэр ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжих бөгөөд ганцхан профессор энэ шийдвэрийг эсэргүүцжээ. Хянагч багшгүйгээр шалгалт өгдөг уг систем нь тус сургуулийн бусдаас ялгарах онцлог, оюутнууд бага залуу наснаасаа шударга ёсонд суралцаж, өөрөө үлгэрлэх ёстой гэсэн зарчимд тулгуурласан соёл бөгөөд энэ уламжлал 1893 оноос эхтэй юм. Багшгүйгээр, номоос, бусдаас хуулж өөрийгөө хуурахгүйгээр шалгалт өгдөг энэ соёл нь Принстоны их сургуулийн бахархал байсаар ирсэн ажээ.

   Харин сүүлийн үед оюутнууд шалгалт өгөхдөө “ChatGPT”, “Gemini зэрэг хиймэл оюун ухааны хэрэгслийг ашиглах үзэгдэл түгээмэл болсон тул дээрх шийдвэрийг гаргасан гэдгээ сургуулийн удирдлага мэдэгдсэн байна. Хянагч багшгүйгээр шалгалт өгдөг системийг халсан ч урьдын уламжлал болсон "Шалгалтын үеэр миний бие сургуулийн хүндэт журмыг зөрчөөгүй гэдгээ нэр төрөөрөө андгайлж байна" хэмээн тангараг өргөдөг соёлыг хэвээр үлдээсэн байна. Шинэ журмаар шалгалт өгч буй оюутнуудыг багш хянах боловч бусдаас хуулах зэргээр журам зөрчсөн тохиолдол илэрвэл хөндлөнгөөс оролцох эрхгүй, зүгээр л гэрч болж, уг явдлыг сургуулийн Шалгалтын зөвлөлд мэдээлэх л үүрэгтэй байх аж. 2015-2024 онд тус сургуулийн Бакалаврын судалгааны салбарын захирлаар ажиллаж байсан профессор Жилл Долан "Сургуулийн бахархал болсон соёл халагдаж байгаа нь харамсалтай. Гэвч энэ цаг үед өөр арга байхгүй” гэжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.