Болгар: “Их говийн манаач” баримтат кино "Алтан мазаалай" шагнал хүртлээ
Их говийн дархан цаазат газрын экосистем, тэр дундаа нэн ховор мазаалай баавгайн амьдрах орчин, түүнийг хамгаалан үлдээхээр тэмцэж буй байгаль хамгаалагч, эрдэмтдийн тэмцлийг харуулдаг “Их говийн манаач” баримтат кино Болгарын “Алтан феми” кино наадмаас шагнал хүртлээ. Энэ жил тус наадамд дэлхийн 130 орны 9600 гаруй бүтээл өрсөлдсөн бөгөөд Монгол улсаас нийт найман бүтээл оролцжээ. Эдгээрээс найруулагч Э.Ган-Очирын “Их говийн манаач”, Г.Бямбасүрэнгийн “Хувь заяа”, Т.Алтантуяагийн “Хөх тавилан”, найруулагч Д.Галбаярын “Эмэгтэйн кэйс” бүтээлүүд шагнал хүртэхээр шалгарчээ. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа ирэх зургадугаар сарын 6-ны өдөр болох ажээ. “Их говийн манаач” баримтат кино Говийн их дархан цаазат газар болон мазаалай баавгайн тухай өгүүлэх уг кино анхдагч экосистемийг шинжлэх ухаан, дүрслэлийн өндөр түвшинд харуулж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолой болсноороо онцлогтой. Тус кино өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монгол дахь нээлтээ хийсэн бол анхны гадаад улс дахь нээлтээ өнгөрсөн сард Пусаны кино наадмын үеэр болсон “Монгол кино өдрүүд” арга хэмжээгээр хийжээ. Сонирхуулахад, мазаалай нь эрс тэс уур амьсгалтай говь цөлийн экологийн хүнд нөхцөлд амьдардаг цорын ганц хүрэн баавгай гэдгээрээ онцлог бөгөөд сүүлийн үеийн судалгаагаар дэлхий дээр зөвхөн Монголын говиор нутагтай тоо толгой ердөө 50 орчим бүртгэгдсэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







