Н.Пашинян хөгжимдөж, Э.Макрон дуулав
© "Economic Times"

Н.Пашинян хөгжимдөж, Э.Макрон дуулав


   Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Армени улсад айлчлах үеэрээ буюу өчигдөр Францын алдартай дуучин Шарль Азнавурын дууг дуулжээ. Тэрбээр Армений хөгжмийн зохиолч В.Айрапетяны хамтаар төгөлдөр хуурын ард сууж микрофонтой дуулсан бол эсрэг талд нь байраа эзэлсэн Армений ерөнхий сайд Н.Пашинян бөмбөр тоглосон байна. Энэ явдал Ереванд барьсан төрийн хүндэтгэлийн оройн зоогийн үеэр болсон бөгөөд Армений ерөнхийлөгч В.Хачатурян Э.Макроны ард зогсон инээж буйг телевизүүд дамжуулжээ. Хоёр улс төрч Ш.Азнавурын 1965 онд бичүүлж ихээхэн амжилт олсон “La Bohème” хэмээх дууг дуулсан байна.

   Францын түүхэн дэх хамгийн алдартай армен хүмүүсийн нэг Ш.Азнавур Парист Гүржээс цагаачлан ирсэн армен айлд 1924 онд төрсөн юм. Тэрбээр 85 жил дуулахдаа их, бага 294 цомог гаргаж, 1100 концерт тоглосон бөгөөд дэлхийн 94 орны тайзнаа гарсан, өнгөрсөн зууны Францын хамгийн алдартай дуучдын нэг билээ. Ш.Азнавур түүхэн эх оронтойгоо байнга холбоотой байж, Армений тухай хэд хэдэн дуу зохиож дуулсан юм. 1988 онд Арменийн Спитакт гамшигт газар хөдлөлт болоход тэрбээр буяны сан байгуулж, газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүст туслах олон аяныг зохион байгуулсан төдийгүй “Армени чамдаа” нэртэй дууныхаа видео клипэнд Францын 90 гаруй дуучин, жүжигчдийг оролцуулсан юм. Ш.Азнавур 2008 онд Армени улсын иргэн болсон бөгөөд түүнийг 2018 онд нас барахад тус улсад орон даяар гашуудал зарласан билээ.  


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.