III Чарльз хаан АНУ-ын Конгрессын танхимыг хэрхэн хөгжөөв?

III Чарльз хаан АНУ-ын Конгрессын танхимыг хэрхэн хөгжөөв?


   Их Британийн хаан III Чарльз хаан өчигдөр АНУ-ын Конгресст үг хэлэхдээ Британийн жүжгийн зохиолч Оскар Уайлдын "Бид өнөө үед АНУ-тай англи хэлнээс бусад бүх зүйл дээр нэгдмэл байж чадаж байна" гэсэн алдарт үгийг иш татаж хошигносон байна. Хоёр улс англи хэлээр ярьдаг хэдий ч дуудлага, аялга төдийгүй өдөр тутмын үгсийн сан, зөв ​​бичгийн дүрмийн хувьд эрс ялгаатай байдаг гэдгийг онцолж, "Нэг хэлээр хуваагдсан хоёр улс" гэгдэх Англи-Америкийн өвөрмөц онцлогийг ухаалгаар хошигнон өгүүлсэн хэрэг байв. Мөн хоёр улсын хууль тогтоох байгууллагын ялгааг хошин байдлаар илэрхийлсэн "барьцааны хүн”-ий тухай яриа байв. Их Британид жил бүрийн парламентын чуулганы нээлтэд эзэн хаан оролцдог бөгөөд энэ хооронд буюу ёслол дуустал парламентын нэг гишүүнийг хааны ордонд байлгадаг олон зууны уламжлалтай ажээ. Энэ нь XVII зуунд эзэн хаан болон парламент хоорондын эрх мэдлийн зөрчлөөс болж I Чарльз хаан алагдаж байсан түүхэн сургамжаас үүдэлтэй, парламентад зочилж буй хаан аюулгүй эргэж ирэхийг баталгаажуулсан утгатай үйлдэл ажээ. Орчин үед энэ нь зөвхөн бэлгэдлийн чанартай болсон бөгөөд хааны ордонд томилогдсон хүн тансаг зэрэглэлийн үйлчилгээ авч чуулган дуусахыг хүлээдэг. III Чарльз хаан энэ жишээг дурдаж, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын даргад хандан “Өнөө үед бид “барьцааны” зочдоо дээд зэргээр халамжилж байгаа. Тэд тэр чигээрээ манай ордонд үлдэхийг хүсдэг шүү. Ноён дарга аа, өнөөдөр бас миний оронд барьцааны хүн үүрэг гүйцэтгэж байгаа юу?” гэснийг төлөөлөгчид инээд хөөр болон найрсгаар хүлээн авчээ.

   Улмаар Их Британи, Америкийн тусгаар тогтнолын дайны талаар хөгжилтэй хошигнол хэлж, “Энэ удаагийн төрийн айлчлал нь Америкийн тусгаар тогтнолыг бусниулах зорилго огтоос агуулаагүй гэдэгт итгэж болно” хэмээн Конгрессын танхимыг хөгжөөсөн байна. Түүнийг ийнхүү үгээ хэлж байх хооронд зарим гишүүд босож зогсоод алга ташин баяр хүргэж байв. 1976 онд Ерөнхийлөгч Жералд Фордын бүрэн эрхийн хугацаанд АНУ-ын тусгаар тогтнолын 200 жилийн ойг тэмдэглэх үед Их Британийн хатан хаан II Элизабет тус улсад айлчилж байсан бөгөөд энэ удаад түүний хүү III  Чарльз хаан АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойг тохиолдуулан төрийн айлчлал хийж байна. Мөн Их Британийн хаан АНУ-ын Конгрессын хуралдаанд үг хэлсэн хоёр дахь тохиолдол болж буй бөгөөд анхных нь 1991 онд Персийн булангийн дайны ялалт болон Хүйтэн дайны төгсгөлийг ёслох үеэр хатан хаан II Элизабет Конгрессын индэрт гарч байсан ажээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.