Хятад: Хиймэл оюун ухаант робот хүний биед халджээ

Хятад: Хиймэл оюун ухаант робот хүний биед халджээ


   Хятадад их сургуулийн арга хэмжээнд үзүүлбэр үзүүлж байсан хүн дүрст робот гэнэт дэргэдээ байсан оюутан охины биед халдсан байна. Мэргэжилтнүүд роботын бусдад учруулах аюулын эрсдэлийг дахин тооцоолох шаардлагатайг онцолж, хиймэл оюунт роботыг энгийн нэг техник биш, харин ийм эрсдэл бүхий ухаалаг төхөөрөмж гэж үзэх хэрэгтэй хэмээн зөвлөжээ. “Global Times” сонины мэдээлснээр, энэ явдал өнгөрсөн 24-ний өдөр Шаньси мужийн Шиань хотод болсон тэмцээний нээлтийн ёслолын үеэр болжээ. Оюутнуудтай мөр зэрэгцэн бүжиглэж байсан хүн дүрст робот гэнэт эргэж, ойролцоо зогсож байсан охиныг тэврэн авсан бөгөөд зохион байгуулагчид даруй ирж салгажээ. Уг роботыг их сургуулийн төгсөгчдийн үүсгэн байгуулсан компани бүтээсэн бөгөөд арга хэмжээ дууссаны дараа буцаан авч явсан байна.

   Энэ явдлын дараа Хятадад онлайн мэтгэлцээн өргөжиж, роботыг алсаас удирдсан, эсвэл урьдчилан зохион байгуулсан байж болзошгүй гэсэн хардлагаас эхлээд, робот бие даасан ухамсартай байж болзошгүй гэсэн таамаглал хүртэл гарчээ. Харин их сургуулийн зүгээс мэдэгдэл хийж, энэ бол урьдчилан зохион байгуулсан зүйл биш, алдаа байсан гэдгийг онцлов. Харин мэргэжилтнүүд хиймэл оюун ухааны бие даасан ухамсрын илрэл гэж тайлбарлах нь үндэслэлгүй гэсэн байна. Тус сургуулийн Танин мэдэхүйн хүрээлэнгийн захирал Гао Хуан "Шалтгаан нь хөдөлгөөний хяналтын доголдол, гүйцэтгэлийн алдаа байсан" гээд цаашид роботын эрсдэлийн урьдчилсан үнэлгээ гаргаж, аюулгүй байдлын орон зайг хангах, ослын үед зогсоох төхөөрөмж суурилуулах, хариу арга хэмжээний гарын авлага боловсруулах шаардлагатайг онцолжээ. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.