92 настай япон эмэгтэй дэлхийн хамгийн өндөр настай сонин түгээгчээр тодров
92 настай япон эмэгтэйг Гиннесийн амжилтын номд бүртгэхдээ "Дэлхийн хамгийн өндөр настай сонин түгээгч” хэмээн тодотгосон байна. Гиннесийн албаны мэдээлснээр Японы Фукушима хотын иргэн, эдүгээ 92 настай Ёшие Ватанабэ өдөр бүр өглөөний 4:00 цагт гэрээсээ гарч сонин түгээх ажил хийдэг байна. 1934 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр есөн хүүхэдтэй айлын дундах охин болж мэндэлсэн тэрбээр 58 насандаа санамсаргүй байдлаар сонин түгээх ажилд орж, тэр цагаас хойш тасралтгүй хийж ирсэн байна. Тэр тухай дурсахдаа "Манай гэрийн ойролцоо байдаг сонин түгээх газар надад ажлын санал тавьсан. Тухайн үед би ажилгүй байсан тул саналыг шууд хүлээж авсан" гэжээ. Энэ ажлаа хийж эхэлснээс хойш эдүгээ 34 дэх жилтэйгээ золгож байна. Сонин түгээх замын урт ойролцоогоор 1.5 км, өдрийн сониныг айл бүрт хүргэхэд хоёр цаг орчим хугацаа ордог гэх бөгөөд Ё.Ватанабе гуай "Би таягийн оронд түрдэг тэрэг ашигладаг" хэмээн хошигносон байна. Тэрбээр сонин хүргэж эхэлснээсээ хойш нэг ч өдөр ажлаа таслаагүй, сард албан ёсоор ганцхан өдөр амардаг ажээ. Цас ихээр орж, түрдэг тэрэг явах боломжгүй болсон үед сониноо цүнхэнд савлаад үүрч явдаг, бүх сониноо нэг дор зөөж чадахгүй тул хоёр удаа явж ажлаа дуусгадаг гэнэ. Өглөөний шинэ мэдээ хүлээж буй хүмүүст сонин хүргэж өгөх нь урамтай байдаг гэдгийг дурдаад "Ажил хийж, тэр хэрээрээ цалин хөлс авч, хүмүүст туслах нь амьдралын баяр баясгалан юм" гэсэн байна. Дэлхийн дээд амжилт тогтоож Гиннесийн номд бичигдсэн тухайгаа дуулаад "Энэ бол зүгээр л миний хийх ёстой ажил. Салхинд гарч зугаалахтай л ижил юм. Цаашид ч хийсээр байх болно" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







