Улаан-Үд хотод Агын дацангийн төлөөлөгчийн газар нээнэ
Шав тавих ёслолын үеэр. © burunen.ru

Улаан-Үд хотод Агын дацангийн төлөөлөгчийн газар нээнэ


   200 гаруй жилийн түүхтэй Буриадын Агын дацан буюу Дэчинлхүндүвлин хийдийн төлөөлөгчийн газрыг Улаан-Үд хотод нээхээр болж, уг газар байрлахад зориулан байгуулах сүмийн шавыг өнгөрөгч ням гарагт тавьжээ. Шав тавих ёслолд Өвөр Байгалийн хязгаарын дэд хамба Цэрэн Дондукбаев, Агын дацангийн ширээт лам Бадам Цыбиков, Читийн дацангийн ширээт лам Баяр Цымпилов нарын санваартнууд оролцож, бумба залсан байна. Ариун бумба залах нь дацан хийд болон суварга шүтээн босгоход үйлддэг, муу муухайг үлдэн хөөх, уг шүтээн урт удаан настай байхыг бэлгэддэг Буддын шашны чухал зан үйл юм. Бумбыг үнэт эрдэнэ, эм тан, судар номоор дүүргэж, тусгайлан шинжиж тогтоосон байрлалд залдаг нь тухайн газар орны эздийг аргадан өргөл өргөж буй хэрэг ажээ. Ням гарагт цаг агаар таагүй байсан ч Ага нутгийн гаралтай олон арван сүсэгтэн ёслолд оролцохоор хуран цугларсан хэмээн “Буряад үнэн” сонин мэдээллээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.