Япон: Нэг ширхэг туна загас 3 сая долларын үнэ хүрэв
Японд болсон энэ оны анхны дуудлага худалдаагаар 243 кг жинтэй цэнхэр туна загас 510 сая иен (ойролцоогоор 3.2 сая доллар)-ээр зарагдаж, дэлхийн хамгийн үнэтэй загас гэсэн тодотголтойгоор Гиннесийн амжилтын номд бүртгэгджээ. “Kyodo News “ агентлагийн мэдээлснээр, тус улсын "Sushi Zanmai" компанийн захирал Киёши Кимүра Токиогийн Тоёосү зах дээр болсон дуудлага худалдаагаар нэг туна загасыг ийм үнээр худалдаж авсан байна. Уг загасыг Хоншюү арлын хамгийн хойд цэг болох Ома хэмээх газраас барьсан бөгөөд энэ газар Японд цэнхэр туна загасны үйлдвэрлэлээр тэргүүлдэг аж. Тус улсад оны эхэнд сайн чанарын туна загас зооглох нь цаашдын үйлсэд сайн гэж үздэг. К.Кимүра дуудлага худалдаагаар авсан загасаа төв үйлдвэр дээрээ боловсруулж, салбаруудаараа дамжуулан борлуулах ажээ. Тус компани Гиннесийн амжилтын гэрчилгээг хоёр дахь удаагаа хүртэж байгаа бөгөөд 2013 онд мөн ийм загасыг 155.4 сая иенээр авч байв. Дээд амжилт тогтоох зорилго тавьсан эсэхийг нь түүнээс асуухад "Амжилтын эзэн болох бодол байсангүй. Хамгийн сайн загас худалдан авч хэрэглэгчдэд хүргэх л зорилго өвөрлөсөн" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







