АНУ: 45 жилийн өмнө Р.Рейганы буудуулсан зочид буудалд дахин буун дуу гарав
Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп "Вашингтон Хилтон" зочид буудалд тусгай арга хэмжээнд оролцож байх үед хажууханд нь буун дуу гарав. 45 жилийн өмнө, 1981 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн 14:27 цагт ерөнхийлөгч Рональд Рейган албан тушаалаа аваад ердөө 69 хонож байх үедээ мөн тус зочид буудлын өмнө буудуулж байжээ. Тухайн өдөр ерөнхийлөгч Америкийн хөдөлмөрийн холбооны цуглаанд үг хэлж дуусаад гарч явахад халдлага болсон байна. Олны дунд байсан 25 настай Жон Хинкли гэгч этгээд гар буу гаргаж ирээд гурван секундын дотор зургаан удаа буудсан юм. Эхний сум Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жэймс Брэдигийн толгойд туссан бол хоёр дахь нь Вашингтон хотын цагдаагийн газрын офицер Томас Дулрантигийн хүзүүг онож, дөрөв дэх сум Р.Рейганыг хамгаалж байсан нууц албаны ажилтан Тимоти Маккартигийн хэвлийд оржээ. Сүүлчийн сум ерөнхийлөгчийн зүүн суганд тусан хавиргыг хугалж, зүүн уушгийг нь цоолоод зүрхнээс нь 2.5 см орчим зайд тогтсон байна. Р.Рейганыг даруй Жорж Вашингтоны их сургуулийн эмнэлэгт хүргэж, яаралтай зүрхний мэс засал хийснээр илааршиж 12 хоногийн дараа ажилдаа эргэн оржээ. Толгойдоо буудуулсан Ж.Брэди амьд үлдсэн хэдий ч насан туршдаа саажилттай болж, 2014 онд нас барсан байна. Энэ явдлын дараа Цагаан ордны нууц алба тээврийн хэрэгсэл болон байшин барилга руу орохдоо ерөнхийлөгчийн баримтлах журмыг бүрэн шинэчилсэн юм. Ж.Хинкли гэгч нь “Таксины жолооч” кинонд тоглосон алдарт жүжигчин Жоди Фостерын шүтэн бишрэгч байсан бөгөөд ерөнхийлөгчийг буудвал хайртай жүжигчнийхээ анхаарлыг татаж чадна гэж итгэсэн тухайгаа мэдүүлж байжээ. Сэтгэцийн өвчний улмаас 1982 онд эмнэлэгт хэвтсэн Ж.Хинкли 2016 онд эрх чөлөөтэй болж, эхийн хамт амьдарч байгаад 2022 оны 6 дугаар сард сард ялаас чөлөөлөгдсөн билээ. 2024 оны долоодугаар сард ерөнхийлөгч Д.Трамп Пенсильвани мужийн Батлер хотод болсон жагсаалын үеэр буудуулахад Ж.Хинкли олон нийтийн мэдээллийн хэрэгслээр "Хүчирхийлэл бол зөв хариулт биш" гэж мэдэгдэж байв.
АНУ-ын ерөнхийлөгчийг буудсан хоёр дахь тохиолдол мөн л "Вашингтон Хилтон" зочид буудалд болсон хэдий ч эндхийг Вашингтоны хамгийн аюулгүй газар гэж үздэг аж. 1963 онд ерөнхийлөгч Жон Кеннэдигийн аллагын дараа тус зочид буудал нь "President’s Walk" гэж нэрлэгддэг тусгай хамгаалалттай явган хүний зам бий болгожээ. Уг зочид буудалд нууц албаныхан 1970 оноос хойш дор хаяж 100 удаа урьдчилсан шалгалт хийсэн гэдэг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







