Их Британийн III Чарльз хаан өнөөдөр АНУ-д айлчилна
Их Британийн эзэн хаан III Чарльз өнөөдөр АНУ-д төрийн айлчлал хийнэ. III Чарльз хаан Камила хатны хамт Вашингтон, Нью-Йорк, Виржиниа мужуудад айлчилж, дараа нь Хойд Атлантын далайд орших Их Британийн нутаг дэвсгэр болох Бермудад очих ажээ. Тэрбээр хаан сууринд сууснаас хойш анх удаа Америкт айлчилж байна. III Чарльз хаан Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, 28-ны өдөр АНУ-ын Конгресст үг хэлэхээр төлөвлөсөн байна. Д.Трампын урилгаар зохион байгуулагдаж буй энэ удаагийн айлчлал нь АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойн хүрээнд болж байна. Нөгөө талаар Д.Трамп тариф ногдуулах, батлан хамгаалахын зардлын талаар улс орнуудад дарамт шахалт үзүүлэх, Гренландыг эзэмшилдээ авах зэрэг асуудлаар Европтой илт зөрчилдөх болсон. Энэ талаар USA Today сонин "Хоёр улсын харилцаа хамгийн тогтворгүй үе дээрээ байна” гэжээ.
Харин энэ удаагийн айлчлал нь эвлэрлийн уур амьсгалыг бүрдүүлэх боломжтой юм. 1957 онд Хатан хаан II Элизабет АНУ-д айлчлахдаа АНУ, Их Британийн хоорондын нягт харилцааг дахин баталгаажуулсан жишээ бий. Тухайн үед Их Британи болон Франц улс Израилтай хуйвалдаж Египетэд түрэмгийлэл үйлдсэн "Суэцийн хямрал"-ын улмаас хоёр орны харилцаа муудсан байв. Үүнтэй адилаар III Чарльз хаан Ираны дайн болон НАТО-той холбоотой зөрчлийг шийдвэрлэх замыг нээж өгөх магадлалтай гэж мэргэжилтнүүд үзэж байна. Төрийн айлчлал хийх талаар мэдээлсний дараа Д.Трамп III Чарльз хааныг "миний найз", "сайхан эр ", "сайн хүн" гэх мэтээр дотночлон нэрлэх болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







