АНУ-ын өмнөх ерөнхийлөгч нар улсынхаа ирээдүйн талаар юу ярив?
АНУ байгуулагдсаны 250 жилийн ойн өмнө тус улсын ерөнхийлөгч асан Билл Клинтон, Жорж Буш, Барак Обама, Жо Байден нар "Америкийн ирээдүйд найдвар бий” гэсэн сэдвээр нийт иргэддээ хандан санаа бодлоо илэрхийлж, Засгийн газар болон иргэний нийгмийн үндэс суурь гэж үздэг зарчмуудын талаар илэн далангүй ярьсан байна. Тодруулбал тэд ерөнхийлөгч асан Ж.Бушийн охин, NBC телевизийн өглөөний нэвтрүүлгийн хөтлөгч Женна Буш Хагерын хөтөлсөн "History Talks" нэвтрүүлэгт оржээ. Хөтлөгч бүсгүй ерөнхийлөгч асан Б.Обамагаас 2008 онд сонгогдож байх үеийн гол зарчим болох "итгэл найдвар" нь өнөөдөр хэвээр байгаа эсэхийг асуухад "Найдвар бол сохроор дагадаг өөдрөг үзэл биш. Итгэл найдвар нь бэрхшээл болон тодорхойгүй байдлаас үүдэлтэй. Америкийн түүхийг харахад бид үргэлж хүнд хэцүү цаг үеийг амжилттай даван туулсаар ирсэн” гэжээ. Улсын түүхт ойн өмнө ард иргэддээ хүргэхийг хүссэн санааныхаа талаар Б.Обама "Бидний дотор байдаг хамгийн нандин зүйл болох улсаа байгуулсан үндсэн зарчмыг ямагт санаж явах хэрэгтэй. Хүн бүхэн иргэний хувьд өөрийгөө удирдаж, үүрэг хариуцлагаа ухаарч, өөр үзэл бодолтой нэгэндээ хүндэтгэлтэй хандаж, санал зөрөлдөөнийг энх тайван, хууль ёсны аргаар шийдвэрлэх ёстой гэдгийг бүрэн ухаарвал Америк улс дахин 250 жил энх амгалан оршин тогтнох болно" гэсэн байна.
Харин Б.Клинтон, “Манай орныг үг хэлэх эрх чөлөө, санал өгөх эрх чөлөө, улс төрд оролцох эрх чөлөө тэтгэж явна. Буулт хийх нь энгийн, эрүүл зүйл” гэжээ. Ж.Байден “Манай орон бол ардчиллыг Үндсэн хуулийн дүрэм журмаар тодорхойлдог гэдэгт үнэнээсээ итгэдэг дэлхийн хамгийн өвөрмөц улс. Бид бүх хүн төрөлхтөн тэгш эрхтэй бүтээгдсэн гэдэгт итгэж, үүний дагуу ажиллахыг эрмэлздэг хүмүүс” гэсэн бол Ж.Буш иргэдийн оролцоо нь ардчиллыг хадгалах гол түлхүүр гэдгийг онцлоод “Агуу улсын иргэн болсондоо өөрийгөө азтайд тооцож, улс орныхоо үзэгч биш, иргэн бай” гэжээ. Улмаар “Бид төгс төгөлдөр болохын төлөө тэмүүлж буй төгс бус улс гэдгээ ухаарч, ирээдүйдээ итгэлтэй байх нь хамгаас чухал. Ардчиллын үнэ цэн нь өөрийгөө засаж явдагт оршино” гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







