Хятад: Цахилгаан автомашины шинэ батарей 6 минутад бүрэн цэнэглэж, 1500 км зайг туулах чадалтай

Хятад: Цахилгаан автомашины шинэ батарей 6 минутад бүрэн цэнэглэж, 1500 км зайг туулах чадалтай


   Дэлхийн тэргүүлэгч цахилгаан тээврийн хэрэгслийн батарей үйлдвэрлэгч CATL компани хурдан цэнэглэдэг, мөн холын зайд явах чадвартай дараагийн үеийн цахилгаан тээврийн хэрэгслийн батарейны технологийг танилцууллаа. Үүнд 10 минутын дотор бүрэн цэнэглэх чадвартай шинэ лити төмрийн фосфат (LFP) батарейгаас эхлээд 1500 км хүртэл явах чадвартай өндөр хүчин чадалтай NCM батарей зэрэг олон төрлийн шинэ бүтээгдэхүүнийг танилцуулав.

   Тус компанийн танилцуулсан "Shenxing" батарей нь LFP дээр суурилсан богино хугацаанд хурдан цэнэглэх боломжтой бөгөөд 10 хувиас 98 хувь хүртэл цэнэглэхэд ердөө 6 минут 27 секунд зарцуулна. Энэ хурд нь BYD-ийн өнгөрсөн сард зарласан 9 минутад бүрэн цэнэглэх чадлаас давсан үзүүлэлт юм. Цельсийн -30 хэмд 20 хувиас 98 хувь хүртэл цэнэглэхэд 10 минутаас бага хугацаа шаардагдах ажээ. Тус арга хэмжээний үеэр танилцуулсан өөр нэг шинэ бүтээгдэхүүн бол гурав дахь үеийн "Qilin" батарей байлаа. Тус батарейг нэг удаа цэнэглэхэд суудлын автомашин 1500 км, жийп автомашин 1000 км-ээс дээш зай туулах боломжтой. Түүнчлэн, батарейны эзэлхүүнийг 112 литрээр багасгаснаар автомашины дотор зай нь өргөжсөн бөгөөд энэ нь 20 инчийн гурван ширхэг аяны цүнх багтах зай юм. Өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар шинэ батерейгаар тоноглогдсон цахилгаан тээврийн хэрэгслийн тоо 25 саяас давсан бөгөөд Хятад дахь зах зээлийн эзлэх хувь эхний улиралд 47.7 хувьд хүрсэн байна. Цаашилбал, гуравдугаар сарын байдлаар CATL  компани 150 гаруй улс орон, бүс нутагтай харилцаа тогтоож, 176 брэнд, 529 загварт батарей нийлүүлжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.