Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Хойд Солонгост айлчилна

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Хойд Солонгост айлчилна


   Хятадын Гадаад хэргийн сайд Ван И ирэх сард болох АНУ-Хятадын дээд хэмжээний уулзалтын өмнө буюу ирэх 9, 10-ны өдрүүдэд Хойд Солонгост айлчилна. Хоёр улс хоорондын харилцаа аажмаар сайжирч, зорчигч тээврийн галт тэрэг, агаарын тээврийн үйл ажиллагааг сэргээж байгаатай холбогдуулан энэ удаагийн айлчлал болох юм. Өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин "Хятад, Хойд Солонгос хоёр улс бол уул нуруу, гол мөрнөөр холбогдсон, уламжлалт найрсаг харилцаатай хөрш орнууд" гээд Гадаад хэргийн сайд Ван И Хойд Солонгосын урилгаар тус улсад айлчлахаар төлөвлөж буйг дурджээ. Улмаар хоёр улсын харилцааг хамгаалах, бэхжүүлж хөгжүүлэх нь Хятадын Коммунист нам, засгийн газрын стратегийн тууштай бодлого байсаар ирсэн гэдгийг дурдаад “Гадаад хэрийн сайдын айлчлал нь хоёр улсын дээд удирдагчдын нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх, хоёр талын харилцааны хөгжлийг дэмжих чухал арга хэмжээ юм" гэжээ. Өмнө нь 2019 оны есдүгээр сард Ван И сайд мөн тус улсад айлчилж байв. Энэ удаагийн айлчлалаар тус улсын Гадаад хэргийн сайд Чой Сон Хыйтэй хэлэлцээ хийж, улмаар удирдагч Ким Жон Унтай уулзах төлөвтэй байна. Энэ нь өнгөрсөн есдүгээр сард Бээжинд болсон хоёр орны дээд хэмжээний уулзалтын дараагийн арга хэмжээний нэг хэсэг бөгөөд худалдаа, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаа, түүнчлэн Солонгосын хойг, олон улсын аюулгүй байдлын асуудлуудыг хэлэлцэх ажээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.