АНУ-ын нөлөө бүхий улс төрчид Д.Трампыг юу гэж шүүмжлэв?
АНУ-ын консерватив намын хамгийн том дэмжигч, “Fox News” телевизийн хөтлөгч асан Такер Карлсон ерөнхийлөгч Дональд Трампыг эрс шүүмжилж, "дайны гэмт хэрэгтэн" гэж нэрлэв. Уг нь Т.Карлсон 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Д.Трампыг уухайлан дэмжиж, мөн оны долоодугаар сард буутай этгээд амь насанд нь халдсаны дараа “Бурхан түүнийг аварлаа. Тэнгэртэй эр гэж Трампыг хэлнэ" хэмээн мэдэгдэж байв. Харин одоо Ираны дайны талаар үзэл бодлоо шуудхан илэрхийлж, Д.Трампыг хатуухан шүүмжлэх болжээ. Тэрбээр Ираны иргэний дэд бүтцэд цохилт өгсөн Д.Трампын бодлогыг буруушааж "Энэ бол дайны гэмт хэрэг, ёс суртахуунгүй явдал" гэжээ. Мөн Иран, Венесуэлийн газрын тосны нөөцтэй холбогдуулан "Бусдын өмчийг булааж авахыг тэвчиж болохгүй. Энэ бол дээрэм" гэсэн байна. Мөн саяхан болж өнгөрсөн Улаан өндөгний баяраар Д.Трамп Иран руу чиглэсэн ёс бус үг хэлснийг Ардчилсан намын дарга Чак Шумер эрс буруушааж "Хяналтаас гарсан галзуу хүн" гэж нэрлэсэн бол мөн Ардчилсан намын сенатор Крис Мөрфи "Түүнийг ерөнхийлөгчийн албанаас буулгахын тулд хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болно” гэжээ. Үүний хариуд Д.Трамп “New York Post” сонинд өгсөн ярилцлагадаа Т.Карлсоныг шуудхан доромжилж "Нөхцөл байдлыг огт ойлгодоггүй, IQ багатай хүн" гэж нэрлээд, түүнтэй тоож харилцахгүй гэдгээ хэлсэн байна. Д.Трампыг дэмжигчид Ираны дайнаас хойш түүнд эргэлзэх болсноо ил тод илэрхийлж байна. Улс төрийн хүрээнийхэн болон хэвлэл мэдээлэл, цаашлаад дэмжигчдийн дунд бий болоод буй үл итгэл, эргэлзээ нь ирэх 11 дүгээр сард болох дундын сонгуульд Д.Трамп болон Бүгд найрамдах намд том цохилт болж болзошгүйг мэргэжилтнүүд онцолж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







