Япон: Баавгай олширсон тул анчдад онцгой эрх олгов
Баавгай ичээнээсээ гарч байгаатай холбогдуулан Япон улс өндөржүүлсэн бэлэн байдал зарлав. Сүүлийн нэг жилийн хугацаанд баавгай хотын төв, орон сууцны хороололд орж ирэн хүнд халдах болсон бөгөөд үүнээс болж 13 хүн амиа алдаж, 224 хүн гэмтжээ. Тиймээс Засгийн газар баавгайн эсрэг арга хэмжээний төлөвлөгөө гаргаж, баавгайн анчдад онцгой эрх олгон "Засгийн газрын анчин" системийг нэвтрүүлж, зөвшөөрөлтэй анчдыг төрийн албан хаагчийн статустай болгосон байна. Өнөөдөр улсын хэмжээнд баавгайн анчин 784 байгааг 2030 он гэхэд 2500 болгон гурав дахин нэмэгдүүлж, тэдний ажиллах нөхцөлийг сайжруулахаар төлөвлөгөөнд тусгажээ. Ингэхийн тулд Батлан хамгаалах яам болон Үндэсний цагдаагийн газраас тэтгэвэрт гарсан хүмүүсийг баавгайн авд сайн дураараа оролцохыг уриалжээ. Өнөөг хүртэл тус улс зөвшөөрөлтэй анчдын хувийн байгууллагуудад найдаж ирсэн боловч эдгээр гишүүний дийлэнх нь ахмад настан байгаагийн зэрэгцээ анчдын тоо хангалтгүй байгаа тул дээрх арга хэмжээг авчээ. Нөгөө талаар уг төлөвлөгөө амьтан хамгаалах бүлгүүдийн шүүмжлэлд өртөөд байна. Баавгайн дайралтад өртөж хүний амь эрсдэх явдал ихэссэн тул Засгийн газар онцгой тохиолдолд баавгайг газар дээр нь агнах зөвшөөрлийг олгохоор хуульд нэмэлт өөрчлөлт оруулжээ. Тус улсад Хоккайдогийн хүрэн баавгайн тоо толгой өнгөрсөн жил 11600 болж өссөн бол Хоншюүгийн хар баавгай 42000 болж нэмэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







