Буриад: Түнхэн нутгийн өвөрмөц аялгууны толь хэвлэгджээ
Буриадын Түнхэн аймгийн Хэрэн тосгонд Түнхэн аймгийн нутгийн аялгууны онцлогийг тусгасан “Түнхэнэй нютаг үгэнүүдэй буряад-ород толи” хэмээх толь бичгийн нээлтийн ёслол боллоо. Энэ үйл явдал нь буриад хэл, соёлыг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд чухал алхам болж байгаа бөгөөд тэр дундаа Түнхэн нутгийн өвөрмөц аялгууг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд томоохон хувь нэмэр оруулж буйг Түнхэн аймгийн дарга Чингис Маншеев нээлтэн дээр хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэжээ. Толь бичгийг Түнхэн аймгийн “Алтан Мундарга” утга зохиолын нэгдлийн тэргүүн Борис Зурбаев эмхэтгэсэн бөгөөд "Буриад хэлийг хадгалах, хөгжүүлэх" төрийн хөтөлбөрийн хүрээнд хэвлүүлсэн байна. Уг хөтөлбөрийн хүрээнд өмнө нь Буриадын арав гаруй өөр өөр нутгийн аялгууны буриад-орос толийг эрхлэн хэвлүүлжээ. Энэ тольд Түнхэний хөндийд эртнээс нутаглаж ирсэн буриадын 34 овгийн хэл аялгуун дахь 2205 үг, хэллэг, овог отог, уул усны нэрийг багтаасан байна. Толь бичгийг Буриадын Боловсрол, шинжлэх ухааны яамны шийдвэрээр тус бүгд найрамдах улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудад тарааж, сургалтын үйл ажиллагаанд ашиглахаар болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







