Дэлхийн хамгийн олон хүнтэй Энэтхэг улс хүн амаа нэг жилийн турш тоолно
Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс 3 сая гаруй төрийн албан хаагчийг дайчилж хүн амын тооллого хийж эхлэв. Хятадыг давж дэлхийн хамгийн олон хүн амтай улс болсноос хойш анх удаа хийж буй цогц тооллого нь Энэтхэгийн нийгэм, эдийн засгийн бодлогын цаашдын чиглэлийг тодорхойлох гол үзүүлэлт болно гэж үзэж байна. Тус улсад хамгийн сүүлд 2011 онд тооллого явуулсан бөгөөд дараагийн тооллогыг 2021 онд төлөвлөөд байсан ч COVID-19 цар тахлын улмаас хойшлогдсон юм. Тооллого ойролцоогоор нэг жил орчим үргэлжилж, ирэх оны гуравдугаар сард дуусах төлөвтэй байна. Засгийн газрын албаны хүн "Тооллогод ойролцоогоор 117.1824 тэрбум рупи зарцуулах бөгөөд 3.1 сая төрийн албан хаагчийг дайчилна” гэж мэдэгдэв. Тооллого хоёр үе шаттай явагдана. Эхний ээлжид айл өрх бүрээр очиж орон байрны төрөл, амьдарч буй орчин нөхцөлтэй танилцана. Дараагийн ээлжид өрхийн бүтэц, боловсролын түвшин, санхүүгийн байдал зэрэг нийгэм-эдийн засгийн шинж чанарыг тодорхойлно. Тус улс нь өргөн уудам нутагтай, хүн ам ихтэй, албан ёсны статистикт бүртгэгдээгүй олон төрлийн байр сууц, тухайлбал ядуусын хорооллын оромж их байдаг тул эхлээд орон байрны нөхцөл байдлыг үнэн зөв тодорхойлох, дараа нь оршин суух статус, хүмүүсийн амьжиргааны чанарыг судлах зорилготой юм. Энэ удаагийн тооллого, судалгаанд анх удаа дижитал аргыг ашиглах бөгөөд цахим судалгааны портал нь 16 хэл дээр байх аж. Тооллогын бас нэг зорилго нь кастын мэдээлэл цуглуулах явдал ажээ. Каст бол брахмин (санваартнууд), кшатрия (язгууртнууд болон дайчид), вайшья (худалдаачид), судра (харц ардууд) гэж ангилсан уламжлалт нийгмийн шатлал бөгөөд энэ тогтолцоог 1950 оны Үндсэн хуулиар албан ёсоор цуцалсан ч өнөөг хүртэл нийгэмд нөлөөтэй хэвээр, боловсрол, ажил эрхлэлт, гэрлэлтэд нөлөөлсөөр байна. Засгийн газар төрийн албанд ажилд авах болон их сургуулийн элсэлтийн тодорхой хувийг доод давхаргын кастуудад хуваарилах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байна. Энэтхэг улс 2023 онд Хятадыг давж дэлхийн хамгийн олон хүн амтай улс болсон бөгөөд хүн амынх нь 60 орчим хувийг 35-аас доош насныхан эзэлдэг залуу үндэстэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







