Балба улсыг 40-өөс доош насны залуучууд удирдана
Өнгөрсөн жил Балба улсын Засгийн газрын эсрэг Z үеийнхний жагсаалыг удирдсан, эдүгээ 35 настай Валендра Шах ерөнхий сайдаар томилогджээ. Шинэ Засгийн газар ажилдаа орсны дараахан буюу өнгөрсөн 28-ны өдөр цагдаа нар ерөнхий сайд асан Шарма Оли болон Дотоод хэргийн сайд асан Рамеш Лека нарын гэрт нэгжлэг хийж, тэднийг баривчилжээ. Жагсаалын үеэр ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу цагдаа нар галт зэвсэг хэрэглэсний улмаас 76 хүн амиа алдаж, 2300 гаруй хүн шархадсан явдалд Шарма Олиг буруутгаж байна. Ш.Оли нь 18 насандаа Коммунист намд элссэнээр улс төрд орсон бөгөөд нэр нөлөө нь улам хүчирхэгжиж, Дотоод хэргийн сайд, Гадаад хэргийн сайд, улмаар дөрвөн удаа ерөнхий сайдаар ажилласан хүн юм. Эсэргүүцлийн жагсаалын дараа тэрбээр албан тушаалаасаа огцорсон ч сонгуульд дахин нэрээ дэвшүүлж өрсөлдөөд ялагджээ. Шинээр байгуулагдсан Валендра Шахын Засгийн газрын 15 сайдын 10 нь 40-өөс доош насны хүмүүс аж. Жагсаалын гол удирдагчийн нэг, 38 настай Судан Гурунг Дотоод хэргийн сайдаар томилогджээ. Нэгэн цагт эрх баригч байгаад одоо сөрөг хүчин болсон Балбын Коммунист нам дээрх баривчилгааг эрс буруушааж "Улс төрийн өс хонзон” гэж мэдэгдээд, орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэхээ мэдэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







