Хятад: Цагаан хэрмийн ханан дээр нэрээ сийлсэн эмэгтэй шийтгэл хүлээв
Хятадын Цагаан хэрмийн хананд нэрээ сийлсэн эмэгтэйг саатуулж, түүхэн дурсгал сүйтгэсэн хэргээр шийтгэл ногдуулжээ. Бээжингийн Олон Нийтийн Аюулгүй Байдлын Товчооны мэдээлснээр өнгөрсөн 23-ны өдрийн 13:00 цагийн үед Цагаан хэрмийн умард хэсгийн 8 болон 9 дүгээр цамхгийн хоорондох хананд нэгэн жуулчин эмэгтэй нэрээ сийлсэн болохыг хяналтын камерын дүрс бичлэгээр баталгаажуулж, холбогдох хууль журмын дагуу торгууль ногдуулсан байна. “Weibo” платформ дээр нийтэлсэн дүрс бичлэгт хятад эмэгтэй хурц үзүүртэй зүйлээр ханан дээр “Эгч дүү ○, ○ нар энд зочлов” гэсэн бичиг сийлж, эгч нь гар утсаараа бичлэг хийж буй байдал үлдсэн байна. Хятадын Цагаан хэрмийг зорьж очсон жуулчид ханан дээр үсэг, бичиг сийлэх тохиолдол цөөнгүй гардаг аж. Энэ тухайд Яньчин хотын цагдаагийн албаны хүн "Их цагаан хэрэм бол Дэлхийн соёлын дурсгалт газар. Энд ирсэн гадаад, дотоодын жуулчид түүх, соёлын дурсгалын тухай хууль журмыг чанд мөрдөх ёстой. Санаатайгаар хохирол учруулсан тохиолдолд хатуу шийтгэл оногдуулах хуультай” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







