Персийн буланд дайн дэгдэхэд энэтхэгчүүд яагаад нутаг буцаагүй вэ?
Дубайн нисэх буудлын ойролцоо дэлбэрэлт болоод буй нь

Персийн буланд дайн дэгдэхэд энэтхэгчүүд яагаад нутаг буцаагүй вэ?


   Персийн буланд дайн дэгдсэнээр тус бүс нутагт оршин сууж байсан гадаадын иргэдийн ихэнх нь нутаг буцжээ. Барууны чинээлэг иргэд хувийн онгоц хүртэл түрээсэлж дайны хөлөөс дүрвэж одсон ч хамгийн олуул суудаг энэтхэг иргэдийн ихэнх нь Дубайд үлджээ. Энэтхэгийн Гадаад хэргийн яамны мэдээлснээр дайн эхэлснээс хойш ойролцоогоор 67 мянган хүн нутаг буцсан нь Персийн булан аж төрж буй 10 сая энэтхэг хүний өчүүхэн бага хувь юм. “Financial Times” (FT) сонин Дубайд аж төрж буй энэтхэгчүүд тогтвортой ажлын байртай байхыг аюулгүй байдлаас илүүд үздэг болохыг онцолжээ. Дубайд ажиллаж буй хүмүүсийн цалин орлогын хэмжээ Энэтхэгийнхтэй харьцуулшгүй өндөр. Тэд нутаг буцлаа гэхэд очоод ажилгүй, орлогогүй болно гэсэн үг. Дубайд ложистикийн чиглэлээр ажилладаг энэтхэг эр тус сонинд өгсөн ярилцлагадаа “Амь нас эрсдэлд орохоос илүү ажлын байраа алдахаас санаа зовж байна” гэжээ. Нөгөө талаар энэтхэгчүүдийн хувьд Персийн булан бол харийн нутаг биш юм. Олон зууны турш үргэлжилсэн түүхэн холбоо бий бөгөөд 1960-аад он хүртэл Персийн булангийн бүс нутагт Энэтхэгийн рупийг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгон ашиглаж байв. Нэгэн цагт барилгын талбайд ажилладаг байсан энэтхэгчүүд одоо Дубайн гол тархи болж хувирч байна. Мэдээллийн технологи, банк санхүүгийн салбарын мэргэжилтнүүдийн ихэнх нь энэтхэгчүүд бөгөөд Азийн хамгийн чинээлэг хүн гэгдэх Мукеш Амбани зэрэг баячууд Дубайд байр сууриа баттай эзэлсэн байна. “Observer Research Foundation” байгууллагын Ойрхи Дорнодын захирал Кабир Танежа "Асар их авьяас чадвар, хичээл зүтгэл, үнэнч байдал нь энэтхэгчүүдийг илүүд үзэх шалтгаан болдог" гэжээ.  


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.