Селин Дион ирэх намар Францад тоглоно

Селин Дион ирэх намар Францад тоглоно


   Поп дуучин Селин Дион ирэх намар Францад аялан тоглолт хийхээр болсон тухай “Variety” сэтгүүл мэдээлэв. Тодруулбал удаан хугацаанд хүнд өвчнөөр шаналсан дуучин бүсгүйн бие сайжирсан бөгөөд ирэх 9 дүгээр сард  Парис хотын “Arena de la Défense” танхимд тоглолтоо хийхээр болжээ. Өмнө нь 2020 онд мөн тус хотод тоглохоор төлөвлөж байсан ч COVID-19 цар тахлын улмаас хойшлуулсан юм. Канадын Квебек хотод төрсөн, эдүгээ 58 настай С.Дион 1981 онд анхны тоглолтоо хийснээс хойш 40 гаруй жил дуулсан бөгөөд хүчирхэг хоолойтой түүнийг Уитни Хьюстон, Мэрайя Кэри нарын хамт "Дэлхийн гурван том дива" гэж нэрлэдэг байв. “Титаник” киноны дуу "My Heart Will Go On" гэх мэт олон бүтээлээрээ Грэммийн шагналыг 5 удаа, Оскарын шагналыг 2 удаа хүртсэн юм. Гэвч 2022 онд тэрбээр булчингийн үхжилт (SPS) гэх өвчин туссан юм. SPS нь бүх биеийн булчин хөшүүн байдалд орж, цаашлаад үнэрлэх, сонсох, хүрэлцэх зэрэг мэдрэхүйд хүртэл хүчтэй нөлөөлдөг, дэлхий даяар 8000 орчим хүнд илэрсэн ховор өвчин ажээ. Харин дуучин бүсгүй биеийн болоод сэтгэлийн хатуу чанга дэглэм барьж өвчинтэй тэмцсэнээр харьцангуй сайн эдгэрсэн юм. Улмаар 2024 оны 6 дугаар сард Парисын Олимпын нээлтийн ёслолд оролцож, франц дуу дуулж олны талархал хүлээсэн. Мөн тухайн үедээ “Би бол Селин Дион” нэртэй баримтат кино бүтээж, уран бүтээл хувийн амьдралынхаа тухай ярихдаа “Би гүйж чадахгүй бол алхана. Алхаж чадахгүй бол мөлхөөд ч гэсэн тайзан дээрээ гарна” гэсэн юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.