АНУ: Хэний хөшөөг дахин босгож, хэний хөшөөг буулгав?
АНУ-ын Дональд Трампын засаг захиргаа Цагаан ордны талбайд Кристофер Колумбын (1451–1506) хөшөөг босгов. Шинээр босгосон хөшөө нь 2020 онд Мэрилэнд мужийн Балтимор хотод “Хар арьстнууд ч гэсэн хүн” нэртэй эсэргүүцлийн жагсаал болох үеэр сүйдсэн хөшөөний хуулбар ажээ. Балтиморын уран барималч Тилман Хелмсли хөшөөний эвдэрсэн хэсгээс дурсгал болгон авч хадгалсан гэх бөгөөд түүний хүү Тилман Уилл 4 метр өндөр, 1 тонн жинтэй хөшөөг дахин урлажээ. Гэвч тус хотын иргэд хөшөөг дахин босгохыг эсэргүүцсэн тул агуулахад хадгалж байгаад Цагаан ордны хүсэлтээр ийнхүү онцгой газар босгосон байна. Кристофер Колумбыг АНУ-ын үндсийг тавьсан баатар гэж үздэг байсан хэдий ч саяхнаас Америкийн уугуул иргэдийг боолчилж, Европын колоничлолын үүд хаалгыг нээсэн хэмээн шүүмжлэх болсон юм. Улмаар "Хар арьстнууд ч гэсэн хүн” уриатай эсэргүүцлийн жагсаалын үеэр АНУ-д байдаг К.Колумбын 30 гаруй хөшөөг буулгасан байна. Хөшөөг дахин босгосон явдлын талаар CNN "АНУ-ын нийслэлийн соёл, түүхийн бэлгэдлийг өөрчлөхийг эрмэлзэж буй Д.Трампын оролдлого" гэж тодорхойлжээ. Мөн энэ жил тохиох АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойн өмнө консерватив үзэлтнүүдийн дэмжлэг олох гэсэн стратегийн алхам гэж тайлбарлаж байна.
Үүний зэрэгцээ Америкийн ажилчдын хөдөлгөөний идэвхтэн Сесар Чавес (1927–1993)-ийн хөшөө болон ханын зургуудыг буулгаж байна. Учир нь тэрбээр ажилчдын хөдөлгөөнд хамтран оролцож байсан эмэгтэй болон өсвөр насны охидын эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдэж байсан нь илэрчээ. Колорадо мужийн Төлөөлөгчдийн танхим "Сесар Чавесийн өдөр" (3 дугаар сарын 31)-ийг "Фермийн ажилчдын өдөр" болгон өөрчлөх хуулийн төслийг санал нэгтэйгээр баталсан байна. Мөн Аризона мужийн Финикс хотын захиргаа С.Чавесийн нэрэмжит барилга байгууламж, замын нэрийг өөрчлөх санал хураалт явуулахаар болж байна. Мексик гаралтай С.Чавес нь 1965 онд фермийн ажилчидтай нэгдэн усан үзмийн талбайн хүнд хөдөлмөрийг эсэргүүцэн томоохон хэмжээний ажил хаялт зохион байгуулснаар олон улсад танигдсан юм. Түүний удирдсан фермийн ажилчдын хөдөлгөөн испани хэлээр "Sí, se puede" буюу “Бид чадна” гэсэн уриатай байжээ. Хожим ерөнхийлөгч асан Барак Обамагийн сонгуулийн уриа нь "Тийм ээ, бид чадна" байсан нь дээрх үгээс санаа авсан гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







