Ираны ерөнхийлөгчийн хүү дайн эхэлснээс хойш аавтайгаа уулзаж чадаагүй байна

Ираны ерөнхийлөгчийн хүү дайн эхэлснээс хойш аавтайгаа уулзаж чадаагүй байна


   АНУ болон Израилын агаарын дайралт үргэлжилж байгаа энэ цаг үед Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкяны хүү Юсеф Пезешкян улс орныхоо байдлын талаарх санал бодлоо өдрийн тэмдэглэл хэлбэрээр цахим сүлжээнд нийтэлсэн байна. Физикийн ухааны докторын зэрэгтэй, ерөнхийлөгчийн улс төрийн зөвлөхөөс гадна их сургуулийн профессороор ажилладаг тэрбээр дайн эхэлснээс хойш хувийн болон улс төрийн эргэцүүлэл бүхий бичвэрүүдээ “Telegram” сүлжээнд нийтэлсээр иржээ. Ю.Пезешкян дайн эхэлснээс хойш аавтайгаа уулзаж, ярилцаж чадаагүй, холбоо барих боломж ч олдоогүй гэнэ. Түүний бичвэрүүдэд Ираны удирдлагын доторх уур амьсгалын талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байна. Дээд удирдагч Аятолла Али Хаменеи зэрэг гол хүмүүс алагдсаны дараагаас эхлэн зарим улс төрч ихэд сандарч байгаа болохыг бичвэрт өгүүлээд "Ард түмэн улс төрийн удирдагчдаас хамаагүй хүчтэй, илүү тэвчээртэй” гэжээ. Улмаар Засгийн газрын албан тушаалтнуудын уулзалтад оролцсон тухайгаа "Бид хэр удаан тулалдах ёстой вэ?” гэдэг дээр үзэл бодлын ялгаа хурцаар илэрч байсан” гээд “Бид хэзээ хүртэл дайн хийх юм бэ? Үүрд үү? Израил сүйрч, АНУ гарах хүртэл үү? Иран улс нуран унаж, бууж өгөх хүртэл үү? Энэ хувилбаруудыг сайтар судлах ёстой" гэсэн байна. Мөн хариу цохилтын хүрээнд хөрш зэргэлдээ Арабын орнууд дахь АНУ-ын цэргийн баазууд руу довтлох болсон тухайд "Улс орноо хамгаалахын тулд АНУ-ын цэргийн баазууд руу дайрахаас өөр зам байсангүй. Тэд бидний зовлонг ойлгох эсэхийг би мэдэхгүй байна" гэжээ. Бичвэрүүд түүнийх мөн болохыг “New York Times” сонин баталгаажуулсан боловч Ю.Пезешкян өөрөө албан ёсны тайлбар өгөөгүй байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.