Оскарын ёслолын дараа Холливүүдийн алдартнууд ямар шүүмжлэлд өртөв?

Оскарын ёслолын дараа Холливүүдийн алдартнууд ямар шүүмжлэлд өртөв?


   Саяхан болж өндөрлөсөн Оскарын шагнал гардуулах ёслолын дараа арга хэмжээний танхимын зураг нийтлэгдсэнтэй холбоотой шүүмжлэл өрнөөд байна. Лос Анжелес хотын “Долби” театрт болсон ёслолын дараа "Next Best Picture" сайтын сэтгүүлч Мэтт Неглиа X хуудсан дээрээ нэгэн гэрэл зураг нийтэлсэн бөгөөд зурагт хуванцар сав, зуушны боодол цаас зэрэг хогоор дүүрсэн театрын танхимыг харуулаад "Хогоо цэвэрлэцгээе” гэсэн тайлбар зүүжээ. Уг зургийг одоогоор 6.8 сая гаруй хүн үзэж, ихэнх нь сэтгэгдэл, шүүмжлэл үлдээсэн байгаа бөгөөд “Холливүүдийн хоёр нүүртнүүдийн үнэн төрх”, “Цэвэрхэн хувцасласан хүмүүс ардаа ийм юм үлдээдэг”, “Хогоо ч хаяж сураагүй тэрбумтнууд” гэх мэт үгс зонхилж байв. Улмаар байгаль орчныг хамгаалах тухай тод томруун үгс хэлдэг Жейн Фонда, Хавьер Бардем, Леонардо ДиКаприо зэрэг алдартнуудыг онцлон шүүмжилсэн байна. Харин зарим нь театрт хогийн сав харагдахгүй байгааг онцолж, зохион байгуулагчдын хайхрамжгүй байдлыг буруутгажээ. Үүний хариуд Оскарын хорооны албан тушаалтан мэдэгдэл хийж, “Бид оролцогчдоос хогоо суудал дээрээ үлдээгээд явахыг хүссэн. Оскарын Академи байгаль орчны төлөөх үйлсэд тууштай ханддаг” гээд үйлчилгээний ажилтнууд хогийг даруй цэвэрлэсэн болохыг онцолжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.