Оскарын шагнал хүртсэн орос найруулагчийн киног Оросын засгийн газар шүүмжлэв

Оскарын шагнал хүртсэн орос найруулагчийн киног Оросын засгийн газар шүүмжлэв


   ОХУ-ын орон нутгийн дунд сургуулийн багш асан Павел Таланкин болон Америкийн кино найруулагч Дэвид Боренштейн нарын хамтран бүтээсэн баримтат кино 98 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолоос шилдэг баримтат киноны шагнал хүртэв. “All Against Putin” нэртэй уг кино нь Владимир Путины засаглалын үед Оросын сургуулиудад дайн, түрэмгийллийг сурталчилсан боловсролын бодлого хэрэгжүүлж байгаа явдлыг шүүмжилсэн агуулгатай ажээ. П.Таланкин анх сургуулиас даалгасан үүргийн дагуу сургууль дээр дайны суртал ухуулгын хичээлийн зураг авалт хийсэн бөгөөд улмаар үүнийгээ Америкийн кино найруулагчтай хамтран баримтат кино болгожээ. Тэрбээр 2024 онд Оросоос нууцаар дүрвэсэн цагаас хойш дэлхий нийтэд хандаж дайны эсрэг дуу хоолойгоо өргөсөөр ирсэн байна. Шагнал гардуулах ёслолын үеэр гартаа цом барьсан П.Таланкин Украины дайныг даруй зогсоох ёстой. Ирээдүйнхээ төлөө, хүүхэд багачуудын төлөө бүх дайныг нэн даруй зогсооё" хэмээн уриалжээ.

   Харин ОХУ-ын зүгээс Оскарын шагнал хүртсэн баримтат киног шүүмжилж, "Хүүхдийн эрхийг хамгаалах журмыг зөрчсөн" гэж мэдэгдэв. Оросын засгийн газрын дэргэдэх Хүний эрхийн комисс “Баримтат кинонд эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр насанд хүрээгүй хүүхдүүдийн зургийг ашигласан" гээд ёслолыг зохион байгуулдаг Оскарын Академи болон ЮНЕСКО-д хандаж энэ хэргийг шалгаж арга хэмжээ авахыг хүссэн байна. Харин киноны агуулгын талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна. Мөн түүнээс гадна орос найруулагч Оскарын шагнал хүртсэн тухай мэдээг Оросын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлээгүй ажээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.