Жүжигчин Шон Пэнн "Оскар"-ын шагналаа авалгүйгээр Украин улсыг зорьжээ
"Оскар"-ын шагналыг гурав дахь удаагаа хүртсэн жүжигчин, найруулагч Шон Пэнн ёслолд оролцолгүйгээр Украин улсыг зорьжээ. AFP агентлагийн мэдээлснээр Ш.Пэнн шагнал гардуулах өдрийн өглөө Киев хотод ирсэн бөгөөд гартаа хайрцаг тамхи барьж, нарны шил зүүсэн түүнийг машинаас бууж байхыг хүмүүс харсан байна. Мөн Украины өндөр албан тушаалтан "Ш.Пэнн Украин улсыг дэмжиж, үзэл бодлоо илэрхийлэхээр Киев хотод ирсэн” гэж мэдэгджээ. Тэрбээр Киевт ирсэн даруйдаа ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзсан бөгөөд дайн ид өрнөж байгаа бүс нутагт айлчлахаар төлөвлөөд байгаа аж. В.Зеленский нэрт жүжигчинтэй ажлын өрөөндөө уулзаж байгаа зургаа цахим сүлжээнд нийтэлж "Таны ачаар бид Украины жинхэнэ нөхөр гэж хэн болохыг ойлгосон. Дайны эхний өдрөөс өнөөдрийг хүртэл бидэнтэй эв санааны нэгдэлтэй байгаад тань талархаж байна” гэжээ. Ш.Пэнн нь 2023 онд В.Зеленскийн тухай баримтат киног хамтран найруулсан бөгөөд Украины ерөнхийлөгчийн амьдрал, урлаг, улс төрийн замналыг харуулсан уг кино 2023 оны Берлиний кино наадамд оролцож байсан юм. Ш.Пэнн энэ удаад “One Battle After Another” киногоороо Шилдэг туслах дүрийн шагнал хүртсэн байна. 2022 онд тэрбээр Украинд айлчлахдаа "Оскар"-ын шагналынхаа нэг цомыг В.Зеленскийд дурсгал болгон хадгалуулсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







